11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ХОВД АЙМАГ

Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 76.1 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 76870,  малын тоо толгой 1639100. Аймгийн төв нь Ховд хот бөгөөд Улаанбаатараас 1425 километр зайд оршдог.  Ховд аймаг нь 1931 онд байгуулагдсан.

Ховд аймаг нь Монгол Алтайн их уулсын бүсэд орших бөгөөд Мөнххайрхан, Хөхсэрхийн нуруу, Баатархайрхан, Мянган угалзат зэрэг том том уул нуруудтай. Аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Нүүрс, гялтгануур, болор, барилгын материалын баялагтай. Ховд аймгийн нутгаар Ховд, Буянт, Булган, Чонохарайх, Цэнхэр зэрэг том голууд урсах бөгөөд Хар-Ус, Хар, Дөргөн зэрэг том нуурууд оршдог. Нэвтийн, Булганы, Индэртийн зэрэг рашаан устай. Дэлхийд ховордсон хулан, хавтгай, бөхөн зэрэг олон ан амьтан амьдарна. Ийм учраас Булган гол, Хөхсэрхийн нурууг дархлан хамгаалжээ.

Ховд аймгийн Булган суманд хятад улс руу гарах хилийн боомт Ярант, Байтаг хоёр бий. Захчин, мянгад, дөрвөд, урианхай, казак, торгууд, өөлд гэх мэт үндэстэн ястангууд амьдарч бүгд өөр өөрсдийн уламжлалт суурин газар, түүний хэв маяг, уламжлалт хувцас, дуу бүжиг зэрэг соёлын ялгаануудыг бий болгосон байдаг.  

Ховд аймаг нь тарвасаараа алдартай. Аймгийн төв Ховд хот нь 240 гаруй жилийн түүхтэй. Буянт голын хөвөөн дээр байх агаад хэрмэн хашааг нь цагаан шавран том том бэлдэц бүхийгээр байгуулжээ. Манжийн амбан төлөөлөгчийн байрлаж байсан Сангийн хэрмийн үлдэгдэл одоо салхи шороонд идэгдэн тун бага үлдсэн ч дээгүүрээ хоёр морин тэрэг зэрэгцэн өнгөрөх боломжтой тийм өргөн хэрэм байсан. 200 гаруй жилийн настай өргөн улиаснууд энэ хотыг чимэглэн байдаг. Хамгийн их модтой аймгийн төв юм.

Ховд аймгийн 9 гайхамшигаар Цэнхэрийн агуй, Хар-Ус нуур, Мөнххайрхан уул, Баянзүрхийн буган хөшөө, төрийн тахилгат Алтанхөхий уул, Харуул овоо, Ямаан усны хадны сүг зураг, Цамбагарав уулын байгалийн цогцолбор газар, Ишгэн толгойн хадны зураг зэрэг газрууд тодорчээ.

ТОО
0
0
0