Жаргалант нь Хөвсгөл аймгийн сум юм. Тус сум нь 1931 онд байгуулагдсан,
хуучнаар Сайнноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу. Хөнжил, Цэцүүх,
Цагаан бургас, Харгана, Оргил 5 багийн нийт 1405 өрхөд 5077 хүн амьдардаг.Хүн
амын тоогоор Хөвсгөл аймгийн 24 сумаас эхнээсээ 2-д, газар нутгийн хэмжээгээр
19-д ордог хүн амын нягтралаар хамгийн өндөр сум юм.
Хөвсгөл
аймгийн хамгийн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 850
км, Аймгийн төвөөс 187 км зайд байрладаг. Хөвсгөл аймгийн Галт,
Шинэ-Идэр болон Архангай аймгийн Тариат , Завхан аймгийн Их-Уул сумтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1883 м өргөгдсөн.
Физик газарзүйн хувьд Тарвагатайн нурууны захын уулсын мужид, геоморфологийн
хувьд Отгон тэнгэрээс эх авсан бэсрэг уулсын мужийн Идэрийн гол болон, Той
Хөнжилийн голын бэлчир дээр оршдог.Газар хөдлөлийн эрчим 5-6 балл.Сумын нутаг
дэвсгэр нь уул, нуруунууд гүвээ толгод гол мөрөн бүхий уулархаг хангай газар
буюу мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.Тарвагатайн нурууг дагасан их уулсын дунд
оршдог. Ар талдаа “Хүрэн хайрхан” Баруун талдаа “Бавгар”-ын хясаа, Урд тал
Ороохын даваа хойт талаар нь Солонготын даваа байрладаг.