Эрдэнэбулган сум нь Хөвсгөл аймгийн нэгэн сум. Тус сум нь зүүн хойд
талаараа ОХУ-ын Закаменск муж, урд талаараа Тариалан, баруун урд талаараа
Их-Уул, баруун хойд талаараа Чандмань-Өндөр, хойд талаараа Цагаан-Үүр, зүүн урд
талаараа Булган аймгийн Тэшиг сумдтай тус тус хил залган оршдог.Тус сум нь 1928
онд Цэцэрлэг мандал уулын Хөвсгөл далай, Дэлгэр хан уулын хошууны Сант-Өндөр
сум нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд 1931 онд Монгол улсын Засаг захиргаа,
нутаг дэвсгэрийн шинэчилсэн зохион байгуулалтаар Эрдэнэбулган нэртэй
болсон.
Атрын анхны 10 сангийн аж ахуйн нэг болох Эг-Үүрийн сангийн аж ахуй тус
суманд 1959 онд байгуулагдаж тус суманд газар тариалангийн үйл ажиллагаа явуулж
эхэлсэн. Тус сум нь Булган тал, Бөөрөлж, Зэрлэг, Удган, Дуурга гэсэн 5 багийн
765 өрх, 2745 хүн амтай. Хүн амын тоогоор Хөвсгөл аймгийн 24 сумаас 22-т, газар
нутгийн хэмжээгээр 2-д ордог сум юм. Хөвсгөл аймгийн зүүн захад, зүүн
хойноосоо сунаж тогтсон газар нутагтай.Улаанбаатар хотоос 700 км, :Аймгийн
төвөөс 260 км зайд байрладаг.
Далайн
түвшнээс дээш 1200-1800 м өргөгдсөн. Эрдэнэбулган сум нь ерөнхийдөө уулархаг,
тэр дундаа ой тайга ихэнхи хэсгийг бүрдүүлэх бөгөөд нутгийн тал орчим нь
харьцангуй нам дор тал хээр нутаг юм. Тус сумын нутгийн голын хөндий, нам
хотгорын бэлчээрт, улалжит, улалж-улаан толгойт, улалж-алаг өвст,
улалж-шарилж-алаг өвст, алаг өвс улалжит, мод сөөгт төгөл, бургас улиас
зонхилон ургана.