ТӨВ - ЭРДЭНЭСАНТ СУМ

Эрдэнэсант сум нь Төв аймгийн сум юм. Төв аймгийн Эрдэнэсант сум нь 1923 онд байгуулагдсан. Монгол Улс 4 аймаг, 86 хошуутай байх үеийнхээр бол Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу. Халхын 4 аймгийг хаадын нэрээр нэрлэж байсныг өөрчилж, уулын нэрээр нэрлэх болж, Богдхан уулын аймаг 21 хошуу, 82 сумтай байгуулагдахад тус сум Хүнцэл цавчид Хан-уулын хошууны Эрдэнэсант сум, 1931онд хошууд татан буугдаж, 13 аймаг байгуулагдахад Төв аймгийн Эрдэнэсант сум болсон. Баян- Уул, Баргилт, Буянт, Угалзат, Улаанхудаг гэсэн засаг, захиргааны 5 багийн нийт 1287 өрхөд 4420 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 27 сумаас  5-д, газар нутгийн хэмжээгээрээ  7-д ордог.

Монгол орны төв хэсэгт оршдог. Сумын төв нь  Улаанбаатар хотоос баруун тийш 216 километрт оршдог. Аймгийн төвөөсөө 259 километр алслагдсан. Зүүн, зүүн урд, урд талаараа өөрийн  аймгийн Өндөрширээт, Бүрэн, Дэлгэрхаан, баруун урд, баруун талаараа Өвөрхангай аймгийн Баян- Өндөр, Бүрд, хойд талаараа Булган аймгийн Рашаант, Дашинчилэн сумдтай хиллэдэг. Монгол орны байгалийн бүс бүслүүрийн төв хэсэг болох хангайн нурууны өмнөд төгсгөлийн ойт хээрийн бүсээс тал хээрийн бүсэд шилжиж, заримдаг говь цөлийн бүсэд залгаж оршдог.

Далайн түвшнээс дээш 1357.3 метрт өргөгдсөн.Хангайн нурууны төгсгөлийн уул болох Батхаан уул нь төрийн тусгай хамгаалалттай газар нутаг бөгөөд байгалийн үзэсгэлэн бүрдсэн, эмчилгээ сувилгааны ач холбогдол бүхий эмийн ургамал, ус, агаартай.  Газар хөдлөлийн эрчим 6-7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0