11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

СҮХБААТАР - ДАРЬГАНГА СУМ

Дарьганга сум нь Сүхбаатар аймгийн харъяат сум юм. 1925 онд 17 багтайгаар Дарьганга сумыг байгуулжээ. 4,5 мянган х.д. км нутаг дэвсгэртэй. Феодалын нийгмийн хөгжлийн замд тохиолддог тархай байдал XVll зууны үеэс нэн даамжирч, их хааны захиргаа суларсан  үед хөрш зарим орнууд монголын аль нэг хэсгийг алгуур татах, эсвэл эзлэн дагуулах бодлого ил далд явуулах болсны улмаас Монгол улсын дотоод нэгдэл алдагдаж, харь гүрнүүдийн идэш болсон тул оршин тогтнохоо больж, Манж Чин, хаант Орос зэрэг улсуудын захиргаанд орсон билээ.

Тэгэхэд Өмнөд Монгол буюу Өвөр Монгол 1636 онд, Ар Монгол буюу Халх Монгол 1691 онд Манжийн захиргаанд тус тус орж Монголын тусгаар тогтнолын сүүлчийн голомт нь Ойрд буюу Баруун Монгол болж, тэнд шинэ мандсан Зүүнгарын хант улс XVlll зууны хоёрдугаар хагас хүртэл тусгаар байдлаа хамгаалан Манжийн түрэмгийлэгчидтэй тэмцэж байгаад давуу хүчинд цохигдон эзлэгдэхэд, Орос улс Монголчуудаас Манжийн эсрэг хийж байгаа тэмцэл ялангуяа Ойрадын Галдан бошогтыг зарим талаар дэмжих дүр үзүүлэн Монголын хойд хэсэг Буриад болон Ойрадын үлдэгдлээс өөртөө нэгтгэхийг хичээж байлаа. Манж нар Зүүн Монголын өмнөд хэсгийг буюу Өвөр Монголыг дотоод 6 чуулган, Ар Монголыг дөрвөн чуулган болгох зэргээр засаг захиргааны хувьд монголчуудыг бутаргасан зохион байгуулалт хийж байлаа. Түүний нэг жишээ бол Чин улсын эзэн хааны зарлигаар 1697 онд Дарьгангад анх цэргийн зориулалттай адуун сүргийг байгуулсан явдал юм.

Сүргийг анхлан байгуулахдаа Халхын дорно замын дундад дахь зүүн этгээдийн xошуу /одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан, Уулбаян сумын нутаг, Түмэнцогтын зүүн хэсэг, Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо, Норовлин сумдын нутгийн хагас/, Халхын дорно замын дундад дахь адгийн хошуу /одоогийн Хэнтий аймгийн Галшар, Буянт зэрэг сумдын багахан хэсэг/, Халхын дорно замын баруун гарын өмнөд хошуу ( Одоогийн Дорноговь аймгийн Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл сумуудын нутаг), Өвөр Монголын Авга, Сөнөд хошуунаас таслан авч байгуулсан ажээ.

Дарьганга зөвхөн адуу мал адгуулан өсгөдөг газар байсангүй, Зүүн гарын улстай хийж байсан олон жилийн дайны туршид газар газраас татсан цэргийг хураан цуглуулах, бэлтгэх, цэрэг болвсруулан сургаж өнгөрүүлдэг чухал бааз, дамжлага газар болж байв. Дарьганга өмнөд талаараа Шилийн голын чуулганы баруун, зүүн Сөнөд ба баруун, зүүн Авга хошуудтай, зүүн талаараа Түшээт хан аймгийн Мэргэн вангийн засгийн хошуу, хойд талаараа Сэцэн хан аймгийн Эрх засаг, Ёст засаг, Хурц засгийн хошуудтай тус тус зах нийлж байжээ.

ТОО
0
0
0