БУЛГАН - ХАНГАЛ СУМ

Хангал нь Булган аймгийн сум юм. Сумын төв Сөртөөс хойш 25 км орчим зайд Хялганат тосгон /4-р баг/ оршдог. Нийт 4 баг, 1338 өрх, 4700 хүн амтай. Үүнээс хүн амын 3/4 нь Хялганат тосгонд амьдардаг. Эрдэмтэн Б.Шагжийн нэрэмжит 9 жилийн сургуультай. Газар нутаг нь Булган аймгийн зүүн бүсэд харьяалагддаг ба өмнө талаараа Орхон аймагтай, баруун талаар Бугат сумтай, хойд талаараа Сэлэнгэ сум /Ингэт/, зүүн талаараа Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумтай тус тус хиллэдэг. Хангал сум 1924 онд байгуулагдсан. Сумын анхны занги (дарга) «Хонхор» хэмээх Очир байв. 1911 оны хувьсгалаас өмнө Түшээт Хан аймгийн нутгийн урд ба ихэнх хэсэг нь Ханддоржийн Дайчин вангийн хошуу, арын хэсэг нь Лувсанхайдавын Ахай засгийн хошуунд, 1920-иод оноос Богд Хан уулын аймгийн Бүрэн Хан уулын хошуунд, 1931-1937 онд Газар Тариалан (Cэлэнгэ) аймагт тус тус харьяалагдаж байв.

Зургийн тодорхойлолт алга байна.

1924 онд нутгийн хойд хэсгээр Сэлэнгэбүрэн хэмээх сум байгуулагдаж байсан ба тус сум нь сургууль, захиргаа, эмнэлэг, хоршоо, дэлгүүртэй жинхэнэ сумын чанартайгаар олон жил оршин тогтносон аж. Сэлэнгэбүрэн сумын даргаар 1927 оноос «Захирагчийн» хэмээх Цэмбэлийн Дэмбэрэл олон жил ажиллаж тус суманд артель, хамтрал, коммун байгуулж байжээ. Тус суманд «Ялалтын зам» нэгдэл байгуулагдаж байсан юм. Энэхүү сум нь хожим 1962 онд татан буугдаж, ар тал нь одоогийн Булган аймгийн Сэлэнгэ суманд харьяалагдах болж, урд тал нь Хангал сумын мэдэлд шилжсэн байна.

Tус сумын нутагт 1954 онд "Cаруул зам" нэгдэл байгуулагдсан бөгөөд анхны даргаар нь Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонт, ХТАЗүтгэлтэн Л.Oчир, Ардын депутатын хурлын тэргүүлэгчээр хүн эмнэлгийн бага эмч Л.Лувсандорж, малчин Л.Дамдиндорж нарын хүмүүс ажиллаж, хожим «Жаргалын зам», Сэлэнгэбүрэн сумын «Ялалтын зам» гэх 2 нэгдэлтэй нийлж томоохон хэмжээний МАА-н нэгдэл болжээ. Нэгдлийн дарга нараас О.Пирлай, Б.Даваасүрэн нар чадварлаг ажиллаж байв.

Хангал сумын нутагт 1976 онд зэс, молибдены «Эрдэнэт» үйлдвэр байгуулагдаж, түүнийг түшиглэж 1994 онд Орхон аймаг байгуулагдсан ба Ноён хутагтын хийд (1702 онд байгуулагдсан ба сүүлчийн хутагт нь Агваанжигмэд) гэх сүсэг бишрэлийн төв хийдтэй байжээ.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0