11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

БУЛГАН - РАШААНТ СУМ

Рашаант сум нь Булган аймгийн хамгийн урд үзүүрийн сум юм. Тус сум нь Хөгнө хан, Хар чулуут, Улаан шивээт, Аргал хайрхан зэрэг 4 багийн 950 өрхийн 3168 хүн амтай.

1984 онд байгуулагдсан, 4 багтай. Сумын төв Улааншивээт нь аймгийн төвөөс 190 км, нийслэл Улаанбаатараас 258 км зайд оршино. Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн бэлгэдэл болгон 1982 онд Сансар САА-г байгуулж, түүнийг түшиглэн сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн төрсөн газар “Рашаант”-аар нэрлэсэн сум байгуулах тухай БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг 1984 оны 9 сарын 12-ны өдөр гарч байсан түүхтэй. Хүмүүст "Сансар" сангийн аж ахуйн нэрээрээ илүүтэй танил болсон.

Сумын баруун хэсэгт Жаргалант, Тарнын хөндий, зүүн талаар Бадын хөндий, хойгуур Аргалын хөндий байна. Тарнын гол, Савангийн гол нутгийн хил болж урсдаг. Сумын нутагт Хөгнө тарна байгалийн цогцолборт газрын хэсэг байх бөгөөд үзэсгэлэнт Хөгнө хан уул, Элсэн тасархай, түүнийг дагасан аялал жуулчлалын отог газар олон байна. Тус сумын нутгийн баруун хэсгийг дайран гарах Их Монгол элс, домогт Элсэн тасархай сумын хойд хэсэгт зээглэн орших үзэсгэлэнт Хөгнө хан уул, 17-р зууны үеийн сүм хийдийн туурь, Түрэгийн үеийн хүн чулуу, Хадагт хошуу зэрэг түүх соёлын дурсгалт газрууд нь гадаад дотоодын аялагч жуулчдын анхаарлыг зүй ёсоор татдаг юм. Их элсийг хөвөөлөн тогтсон Тахилт нуур, Адуун нуур, Захын нуурын зэгсэн шугуй, Тарна, Саван, Бад, Шилүүстэй голууд, тэнд шумбан наадах түмэн хэлийн шувуудыг харан баясаж домогт элсэн тасархай болон Их Хөгнө Хан уулсын байц сүрлэг боржин аяны дөрөө мултлан саатаж, цэцэгсийн үнэрт хөдөөгийн агаараар амьсгалж буга, шилүүс, зэрлэг гахай, бор гөрөөс, үнэг, чоно зэрэг ан амьтдын “амьд музей” үзэж говь, байгаль эхийн уран тансгийг мэдрэх болно.  

Булган аймгийн Рашаант сум

Хөгнө хан уул хус, улиас, хуш бүхий ой модтой, хайлаас, бургас, торлог, монос зэрэг модлог ургамлууд элбэг тохиолдох бөгөөд буйлс, шар харгана, алтан харгана, шар бургас, боролзгоно, дэрс зэрэг бутлаг ургамлын тархацтай. Эрт үеэс монголчуудын дунд Тарнын яргай гэж алдаршсан яргай, чаргай, яшилаас эхлэн бургас, монос, хайлаас, улиас, хус, хуш, хар мод хүртэл ургаж гандигар, нохойн хошуу, арц, юмдүүжин зэрэг эмийн зүйлийн ургамал, алаг цэцэгс найган, самар мойл жимс нь тус нутгийн үзэсгэлэнг улам нэмдэг юм.

ТОО
0
0
0