Өмнөговь
аймгийн Номгон сум анх Цохиогын Цагаан дэл хэмээх газар 1924 онд Дэлгэрхангай
уулын хошууны Булган сум, мөн онд Гашуун боомд Мандал сум байгуулагдаж
одоогийн Номгон сумын нутаг дэвсгэр дээр 2 сум зэрэгцэн байгуулагдсан түүхтэй.
Энэ хоёр сум нь тухайн үед шинэчлэгдэн байгуулагдсан Шанхай уулын
хошууны харъяат сумд байжээ. Булган сум байгуулагдсан цагаас эхлэн Сульт,
Босгох, Билгэх, Нарийн цохио, Алтай зэрэг газруудаар нүүж байршсаар 1928
онд одоогийн Хармагтайд ирж байршжээ.
1931 онд засаг захиргааны
шинэчлэл явагдаж Өмнөговь аймаг байгуулагдсанаар Хармагтайд төвлөрсөн Булган
сум нь Номгон сум гэж нэрлэгдэхээр болж 13 хоринтой, 300 гаруй
өрхтэй, 1200 хүн амтай , 110 мянган малтайгаар шинэчлэн өөрчлөгдсөнөөр
өнөөгийн Номгон сум байгуулагдсан түүхтэй.
Тус
сум нь Монгол улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог бөгөөд аймагтаа томоохон нутаг
дэвсгэртэй сумдын тоонд ордог, 19 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг
дэвсгэртэй. Өмнө талаараа БНХАУ-тай , баруун талаараа өөрийн аймгийн Хүрмэн
сум, хойд талаараа Ханхонгор, зүүн талаараа Баян-овоо сумдтай хил
залган оршдог. Улаанбаатар хотоос 670 км, аймгийн төвөөс 106 км
зайд байрладаг, Монгол улсын хамгийн урд цэг болох Орвог гашууны бор
толгой энэ сумын нутаг дэвсгэрийн урд цэгт оршдог. Нутаг дэвсгэр нь газар
зүйн хувьд Монгол Алтайн нурууны үзүүр үзэсгэлэнт уул
нуруудтай, өргөн уудам тал хөндий, говь цөл, цав толгод элбэгтэй. Монгол
Алтайн уулархаг мужид багтах Буур, Номгон, Булган, Цохио, Халзан,
Далангийн нуруу, Хачиг Хөрх, Гурван гэдрэгийн нуруу зэрэг өндөрлөг уулстай.
Нутгийн өмнөд хэсгээрээ цөлөрхөг говийн байдалтай, Залаа хошуу,
Баргин сэрсэг, Хонгор хар цав, Их бага уул, Дуут элс зэрэг эрт дээр
үеэс тахиж шүтэж ирсэн элсэн манхнуудтай. Нутгийн хөрсөнд хайлаас тоорой,
заг, сухай, жигд зэрэг мод ургахаас гадна бүйлс, улаан харгана, алтан
харгана, сондуул, загсгал, шаваг, шарилжууд, таана
хөмүүл, мангир хэрээний нүд, чихэр өвс, цагаан гоёо зэрэг олон
тооны ургамал ногоо ургадаг. Сангийн далай, Элгэн, Уртын рашаан жс болон Алтан,
Хайч, Цохиот, Улаан булаг, Улаан эрэг, Шилүүстэй, Борзон, Морин толгой зэрэг
байгалийн үзэсгэлэнт газруудтай. Мөн Сангийн далай, Эхэн заг, Урт улаан эргийн
хийдүүдийн туурь, Уртбичигт холбоо тулгын хадны бичээс сүг зурагнууд
уртын хүн чулуу, Хэрмэн зам зэрэг түүх дурсгалын газруудтай Мөн Борзонгийн
алдарт говь Хөрх, Буур, их бага Номгоны уул, Хөрвөөгч, Гурамсангийн хөндий
газрууд байхын зэрэгцээ Борзон, Баянбулаг, Эрдэнэбулаг, Цатгалан зэрэг 70 гаруй
булаг шанд задгай устай өгөөмөр сайхан нутагтай.
Сумын
уулархаг болон цөлийн бүсэд дархан цаазат аргаль, янгир, хулан, хар
сүүлт, цагаан зээр болон ирвэс, шилүүс, чоно, үнэг хярс
мануул, хадны суусар зэрэг олон төрлийн ан амьтантай.