Эрдэнэмандал
сум нь Архангай аймгийн сум юм. Нийт газар
нутгын хэмжээ 3,400 км квадрат, хүн ам 5,933 байна. Тус суманд Алаг-уул, Идэр-Улаан,
Эрдэнэ-Уул, Хан-Өндөр, Тээл, Өлзийт гэсэн 6
багтай.
Сумын төв нь аймгийн төв Цэцэрлэг хотоос хойш 117 км зайд оршино.
Сумын төвд шуудангийн салбар бий. Эрдэнэмандал
сум нь байгалийн үзэсгэлэнт олон газруудаас гадна түүх дурсгалт олон
газруудтай. Энэ сумын нутгаар Хануй, Хүнүй зэрэг томоохон голууд урсах ба
энэ голуудын цутгал ус ихтэй жижиг голууд олон бий. Энэ нутагт Хангайн нурууны салбар уул, нурууд болох
Бөхөн шар, Халиун морьт, Хан өндөр зэрэг сунайсан урт нуруудаас гадна ой мод,
ан амьтан, ургамал, жимсээр баялаг, Их бага Халзан, Дунд нуруу, Шар даваа зэрэг
сүрлэг уулс ханаран үзэгдэнэ. Энэ уулсын дунд эрдэнийн ундаа болсон Урт шивирт,
Мухар хужирт, Хан-Өндөр зэрэг эмчилгээнд хэрэглэдэг, иргэд ирж сувиллын
байдлаар уудаг рашаан байдаг. Энэхүү рашаануудад жилдээ 3000 орчим хүн ирдэг гэсэн тооцоо ч бий
бөгөөд амрагчдын тоо жил бүр өссөөр байна. Уулс хоорондох хөндийд томоохон
голуудаас гадна Хунт, Их нуур зэрэг цэнгэг болон давс, хужирын нөөцөөр баялаг
нуурууд мяралзан давалгаалж зуны улиралд энэ нутаг усны шувуудын орон болно.
Энэ нутгийн түүх дурсгалт газруудаас дурдвал Уртын амны буган хөшөө, Хар хул
хааны балгас зэрэг олон газар бий бөгөөд энэхүү дурсгалт газрууд нь Хүннүгийн үеэс өнөөг хүртэлх бүх цаг үеийг хамрах юм.