БАЯНХОНГОР - ЗАГ СУМ


Заг нь Баянхонгор аймгийн сум юм. Нийт газар нутгийн хэмжээ 2561 км квадрат, хүн ам (2012)  2,029 байна. Тус сум нь Баянбулаг, Баян-Улаан, Чандмань-Овоо, Залаа-Овоо гэсэн 4 багтай. Сумын төв Заг нь Хангайн нурууны өвөр Загийн голын эрэг дээр, Баянхонгор аймгийн төвөөс 188 км зайтай оршино. Тус суманд Заг, Байдраг голын уулзвар буюу МНТ-нд "Чингисийн хүрэн бэлчир" гэж тэмдэглэгдсэн сайхан газар бий.


1924 онд “Чандмань” сум нэртэй байгуулагдаж 1934 оноос “Загийн гол сум болж Өвөрхангай аймагт харъяалагдаж байгаад 1934 оноос Архангай аймагт, 1942 онд Баянхонгор аймгийн харъяат болжээ.

Заг сум аймгийнхаа баруун хойд хэсэгт орших бөгөөд зүүн талаараа Жаргалант, Галуут, баруун хойт, урд талаараа Гурванбулаг, Хүрээмарал, Бууцагаан сумдтай хиллэнэ.

Сумын төв нь Улаанбаатараас 820 км, аймгийн төвөөс 200 км зайтай, “Залаа овоо”-ны хойд дэнж дээр оршино. Нийт 235,8 мянган га газар нутагтай. Нутаг нь далайн түвшнээс дээш 2100 м-т  өргөгдсөн, тал хээрийн бүсэд оршдог. Овоон таг, Баянбулаг, Данхарын тагууд, Хөх хайрхан, Тахилга хайрхан, Баянцагаан уул, Ямбат хайрхан зэрэг үзэсгэлэнт сайхан уул нуруудаар хүрээлэгдэн, Жаргалант, Бумбат, Хөв, Баян, Их дөт, Шорвогт, Сүүл, Хөөвөр зэрэг хөндий хоолойнууд, хосолсон алаг өвс 229,6 мянган га бэлчээртэй, 5000 га хадлангийн талбайтай, малын тэжээл, хүнсний ногоо тарьж болох 2000 га газартай, хүнсний бүтэц, үржил шимийг дагаж ургамлын бүрхэвч сайтай, Хангай нурууны Хөх нуурын орчимд хар мод, хус, Заг-Байдрагийн голын хөвөөг дагаж бургас, сухай тоорой зэрэг төрөл бүрийн мод, модлог, ургамалтай баялаг хад, тошлой зэрэг жимс жимсгэнэ, зэрлэг сонгино элбэг ургана.

Сумын дийлэнх олонхи нь төв халхууд, Боржигон Хэрэнд, халхчууд, Бэчүд, олхонууд, жилайр, Хөх нуурынхан, Цагаан чулуутынхан, Хиргэс, Тавын хонгор,  хадныхан, түмэнгийнхэн, Өөлдүүд, Сатуул, Урианхай зэрэг овгууд байсан гэж судлаачид үздэг. 1924 оны 9 дүгээр сард гаргасан тооллогоор тус сум 150 гал өрхтэй, байсан бол 2006 онд 4 багийн 2200 гаруй хүн амтай, 82000 толгой малтай, айл болон өргөжсөн түүхтэй.

Хатавчийн гол, нуурын гол, Баянбулагийн гол, Загийн гол, Байдрагийн гол, Ацын гол, Шорвогтын гол, Хөх нуур, Заваг нуур, Ногоон нуур, Холбоо нуур, Өвдөг нуур, Хаян нуур, Шинэ усны нуур, далан нуур зэрэг том, жижиг олон гол нууруудтай.

Голуудын хамгийн том нь Заг гол, дотоодын урсгалтай, Заг, Байдраг гол 300-гаад км урсаж, “Бөөн цагаан” нуурт цутгана. Хөх нуур 7 км урт, 2-3 км өргөн, бүх голын ус нь цэнгэг.

Сумын төв нь эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө хүйтэрч, цас их унадаг. 1 дүгээр сард –400-450 хэм хүйтэрдэг. 7 дугаар сард +26+29 хэм хүрч нар шардаг. Жилд 284 мл орчим хур тунадас унана. Салхины дундаж хурд 1,6 м/сек.

Нутгийн хангайн хэсэгтээ хялгана, хиаг,  соновор зэрэг уст ургамал, олон өвс нягт ургадаг. Тал хээрийн бүсэд ерхөг, биелэг өвс, дааган сүүл, бутуул, цэцэй ба буурцагт ургамал, агь, мангир зэрэг амтлаг ургамал, бутаргана, багалуур, шаваг, харгана, бутлаг тэсэг зэрэг бутлаг ургамлаар баялаг.

Сумын нутагт Вансэмбэрүү, алтан гагнуур, алтан хундага, бамбай, монгол туйлсан, лидэр, чихэр өвс, гоёо зэрэг нийт ургамлууд, цээнэ согоон чих, мэхээр, хунчир, цульхир зэрэг гурил цайны ургамал, хад, тошлой, хармаг, нохойн хошуу, чацаргана, сонгино зэрэг жимс, арц, ганга зэрэг үнэрт ургамлаар баялаг.

Эрт дээр үеэс ард олон өвчин эмгэгээ анагааж ирсэн Биндэръяа хөх нуурын халуун рашаан, хоёр голын уулзвар дахь “Халиутын” дотор эрхтэний рашаантай.Халиутын рашаан сумын төвөс 20-иод км, харин нуурын рашаан 50-н км-т байна.Сумын бүх нутаг тарвагатай боловч одоо ховордсон уулархаг газраараа  аргаль, янгир, ирвэс, шилүүс зэрэг ховор ан амьтан байдаг. Тал хээр газартаа үнэг, чоно, хярс, мануул, үмхий хүрэн, зурам зэрэг олон төрлийн амьтдаар баялаг.Нутгийн ихэнх хэсэгт байнгын ба нүүдлийн шувууд элбэгтэй, Өндөр уулын тал, бүргэдээс эхлээд харцага, шонхор, хойлог, сар, бэгбаатар, шар шувуу, ууль, шаазгай, олон ятуу, тоншуул, хэрээ турлиах, ногтруу, болжмор зэрэг нутагшсан шувууд, хул, галуу, ангир, тогоруу, тоодог, цахлай, элээ зэрэг нүүдлийн шувууд ирдэг.

Нутгийн ихэнх хэсэгт алтны нөөцтэй, Ар сайр, Таван толгойн нүүрс, зэс, мөнгө, төмрийн илэрцтэй. Цахирын  шохойн чулуу таван толгойн, уст далтын шороон будаг зэрэг барилгын материалаар элбэг.  Боржин, Жонш, гантиг зэрэг чулуу хүдэр занарын нөөцтэй.

Ардын Засгийн газраас 1923 онд аймаг, хошууд сумдын тэр нутгийн нь газар усны нэрээр нэрлэх тогтоол гаргаж, дагаж мөрдүүлснээр Сайн ноён хан аймгийг “Цэцэрлэг мандал” аймаг, Жамъян вангийн хошууг “Богд хайрхан уул”-ын хошуу сумдыг газар усны нэрээр нэрлэх болжээ.


Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0