БАЯНХОНГОР - ЖИНСТ СУМ


Жинст нь Баянхонгор аймгийн сум юм. Нийт газар нутгийн хэмжээ 5313 км квадрат, хүн ам (2012)  2,051 байна. Тус сум нь Уубулан, Хүйс, Хөнөг, Цагаан ус, Бодь гэх 5 багтай. 

Баянхонгор аймгийн Жинст сум нь д.т.д 1407 метрийн өндөрт, Х.Ө 45°24'39.21", З.У 100°34'36.05"E солбицолд оршдог. Хамгийн өндөр цэг Их Богд уул 3957 м, хамгийн нам дор цэг Хөнөгийн ширгийн худаг 1246 м-т оршино. Аймагтаа 5-д орох хэмжээний 531,2 кв.км газар нутагтай бөгөөд үүнээс 98% ХАА-н эдэлбэр газар, 2% (70 га) нь хадлангийн  талбай эзэлнэ.

Жинст сум Улаанбаатар хотоос баруун урагш 780 км зайтай, Баянхонгор аймгийн төвөөс зүүн урагш 100 км зайд оршдог. Зүүн ба хойд талаараа Өлзийт, зүүн талаараа Богд, урд талаараа Баянговь, баруун өмнө талаараа Баянцагаан, баруун ба баруун хойд талаараа Баацагаан, Баян-Овоо сумдтай тус тус хиллэнэ.

Жинст сум нь говь-хангай хослосон өвөрмөц онцлогтой, хойд ба зүүн хэсэг нь талархаг бөгөөд Түйн гол урсан өнгөрдөг бол баруун өмнөд хэсэг нь уулархаг ба Говь-Алтайн нурууны салбар Их Богдын нуруу,  Нарийн харын нуруу, мөн хоорондох хотгор нууруудын хөндий зэрэгцэн оршино. Их Богдын уулс нь зуны улиралд нам доороо халуу шатаж байхад бэлээс дээших бүсэд сэрүү татан үүл гаран хур бороо орж байдаг.

Ашигт малтмалын нөөц баялгаас чулуун нүүрс, зэс молибден, алт, мөн Хөнөг, Хүйс, Цагаан голын хужир давс, барилгын шавар элсний арвин нөөцтөй. Мөн Зостын хоолойн зос, Бодийн шанаа барилгын шавар, Нарийн харын сүүлийн шороон будгийн нөөцтэй, Болор чулуун илэрцүүд, ардын эмнэлэгт хэрэглэдэг жуваан, шөрмөсөн чулуу зэрэг ховор эрдсүүд байдаг. Газрын тосны хайгуул хийгдэж байгаа. Сарын гэзэгт зэс, молибдены орд, Сэвсүүлд ураны  хайгуул хийгдэж нөөц нь тогтоогдож  байгаа.  Орон нутгийн түгээмэл ашигт малтмал, элс хайрга тоосгоны шавар, зос, шороон будаг, хужир эрдсийн арвин нөөцтэй.



Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0