Жаргалант нь Баянхонгор аймгийн сум юм. Нийт газар нутгийн хэмжээ 4175 км
квадрат, хүн ам (2015) 2,882 байна. Тус
сум нь Намтолгой, Өлзийт-Өндөр, Хөндлөн булан, Эмээл толгой гэх 4 багтай.
Жаргалант
нь 1940 онд Заг сумаас салж
Байдрагийн үржлийн сангийн аж ахуйг түшиглэн байгуулагджээ. Байдраг үржлийн
сангийн аж ахуй нь нарийн, нарийвтар ноосны чиглэлийн хонин сүргийн бүтцийг
шинээр бий болгож түүнийгээ "Чамаар" (Байдраг) үүлдрийн хонь гэж нэрлэсэн. Энэхүү сангийн аж ахуй нь
тухайн үедээ "Эрдэнэт хивс" компанид
ноосоо нийлүүлдэг байсан ба Эрдэнэт хивсний үндсэн түүхий эд нь мөнөөх нарийн
нарийвтар урт ноос юм. Жаргалант сум нь Байдрагийн сангийн аж ахуйг түшиглэн
байгуулагдсан болохоор нийт монголчууд Жаргалант гэхээсээ илүүтэйгээр Байдраг
гэж нэрийдэх болжээ. Жаргалант сум нь дөрвөн багтай. 2015 оны жилийн эцсийн хүн
амын болон малын тооллогоор 2882 хүн, 126 гаруй мянган толгой мал бүртгэгдсэн.
Жаргалант
сум нь аймгийнхаа хамгийн хойд талын сум бөгөөд өөрийн аймгийнхаа Галуут, Гурванбулаг, Заг
сумд болон Архангай аймгийн Чулуут, Хангай
сумдтай хиллэдэг. Тус сум нь Баянхонгор аймгийн
Хангайн бүсийн сумдын төв нь бөгөөд сум дундын эмнэлэг, МУСГЗ Ц.Намсрайн
нэрэмжит арван хоёр жилийн сургалттай сургууль, Сум дундын Цагдаагийн хэсэг,
Эрчим хүчний байгууллагатай. 2008 онд Жаргалант сум хөдөлгөөнт үүрэн холбоотой
болсон. 2009 онд төвийн эрчим хүчний шугамд холбогдож, байнгын эрчим хүчээр
хангагдсан.
Жаргалант сум
нь Хангайн нурууны өвөрт оршино. Тус суманд Байдраг, Мандал, Цохиот, Хүрэм,
Хавцгай, Нарийн тээл, Цагаан дөрөлж зэрэг гол, Биндэръяа Хөх нуур, Байцагааны
давсан нуур зэрэг нуур, Эг, Нам зэрэг өндөр даваа бий. Газрын зурагт
тэмдэглэгддэг Монгол улсын томоохон голуудын нэг Байдраг гол нь тус сумын
Гурван голын эх хэмээх газраас эх авч Баянхонгор аймгийнхаа нутгаар урссаар
Бөөнцагаан нуурт цутгана.