БАЯНХОНГОР - БӨМБӨГӨР СУМ

Бөмбөгөр нь Баянхонгор аймгийн сум юм. Нийт 3044 км квадрат газар нутагтай. Улаан сайр, Хөх толгой, Хотын булан, Задгай гэсэн 4 багтай.

Тус сум нь 1923 онд Ардын засгийн газраас “Засаг ба засаг бус ван гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм”, “Нутгийн захиргааны дүрэм” батлан мөрдүүлснээр тус сум нь  Баянхонгор хайрхан уулын хошууны Бөмбөгөр хайрхан  сум болж 1924 онд бие даан байгуулагдсан байна. Байгуулагдсаныхаа дараах он жилүүдэд сумын төв нь нэг газарт төвлөрч суурьшаагүй 14 жил нүүдлийн байдалтай байж байгаад 1938 оны үед Бөмбөгөр хайрхан хэмээх тахилгатай хайрханыхаа зүүн талд Худаг сүүжийн дэнж  дээр бууж суурьшжээ.

1931 онд Бөмбөгөр сумын ард түмний анхдугаар хурал болж сумынхаа захиргааг байгуулахад Цогтын Намсрайжав гэдэг хүнийг сумын даргаар сонгож байжээ.Тус сумын захиргааны анхны нарийн бичгийн даргаар Баатарын Лхагвасүрэн томилогдож байсан байна.

Энэ үед тус сум 8 багтай, 620 өрх, 1841 хүн амтай , 122,9 мянган толгой малтай байсан байна.

Тус сум урдуураа Баацагаан, баруун талаараа Бууцагаан, хойгуураа Заг, зүүн хойд талаараа Галуут, зүүн талаараа Баян-Овоо сумтай хиллэн 304377 га талбай бүхий нутаг дэвсгэр эзлэн оршино.Сум 2.5 мянган хүн амтай.Сумын төв орших Худаг шүүж нь Хангайн нурууны салбар уулсын өвөрт далайн түвшнээс дээш 2000 орчим метр өндөрт хойд өргөргийн 46 градус , зүүн уртрагийн 99 градуст  оршдог.Уур амьсгал нь хангайн өврийн эх газрын эрс тэс төлөв байдалтай жилийн дундаж температур 0.0 С –д байдаг.

Бөмбөгөр сумын төв нь Улаанбаатар хотоос 725, аймгийн төвөөс 100 километр зайд оршдог.

Нийт мал сүргийн 78 хувийг ямаа эзэлдэг бөгөөд ноолуурын чиглэлийн Өлзийт голын улаан ямаа нь улсдаа алдартай.

Бөмбөгөр сумын ард түмэн нь эрт дээр үеэс газар тариалан эрхлэж ирсэн бөгөөд 3-р багийн нутаг Хотын булан, Бургас, Бор толгойд 175 орчим га-д төмс, лууван, манжин, байцаа, үхэр буудай, халтар арвай тариалж байна.

 

 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0