Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг
дэвсгэр нь 18-р зууны эхэн үе хүртэл Халхын Түшээт хан аймгийн Эрдэнэвангийн
хошуунд харьяалагдаж байснаа 1712 онд тасарч, Хошууч бэйсийн хошуу болон улмаар
1725 онд Сайн ноён хан аймаг байгуулахад түүнд харьяалагдаж байжээ. 1921 оноос
Сайн ноён хан аймгийн Хошууч бэйсийн хошуунд ,1923 оноос Хантайшир уулын
аймгийн Отгонхайрхан уулын хошуунд багтаж байжээ. БНМАУ-ын Бага хурлын
тэргүүлэгчдийн 1931 оны 2-р сарын 7-ны өдрийн хурлаар Завхан аймгийг 21 сумтай
байгуулсны нэг нь Цагаанхайрхан сум байсан юм. 1931 онд Отгонхайрхан уулын
хошууны тэр үеийн Агьт, Арц, Биндэр, Гэрэл, Сант сумдыг нэгтгэж нэг сум
байгуулан Цагаанхайрхан сум гэж нэрлэсэн байна. Цагаанхайрхан сумаас 1952 онд Цагаанчулуут
сумыг таслан байгуулаад, 1956 онд буцаан нийлүүлж, 1959 онд
дахин салгаж байгуулсан байдаг.
1921 онд арван өрх нэг даргатай, таван
арван айл нэг баг, гурван баг нэг сум болон зохион байгуулагдаж байсан.
Цагаанхайрхан сум 1931 онд байгуулагдах
үед “Цагаанхайрхан сумын захиргаа” гэж нэрлэгдэн, тасгийн хэлбэрээр зохион
байгуулагдсан нь сумын төр захиргааны анхны байгууллага байв. 1933 онд тасаг
өөрчлөгдөж 9 баг, 659 өрх, 2868 хүн ам, 66,4 толгой малтай зохион байгуулагдсан
байна. Тухайн үед дарга, нарийн бичгийн дарга, зарлага гэсэн 3 орон тоотой
байв.