Увс аймгийн Завхан сум нь 1925 онд байгуулагдсан. Хуучнаар Хан-тайшир аймгийн Цэцэн сартуул хошуу. 2012 оны байдлаар тус суманд 495 өрх, 1698 хүн ам, 71719 толгой мал, Засаг захиргааны 4 баг, төсвийн 7 байгууллага, 16 хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, 2 банк санхүүгийн тооцооны салбар тус тус үйл ажиллагаа явуулж байна. Хүн амын тоогоор Увс аймгийн 19 сумаас 17-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог.
Далайн түвшнээс дээш 1028-1551 м өргөгдсөн. Сумын нутаг нь газар зүйн мужлалтаар говийн мужид хамаарах ба бүхэлдээ Хяргас нуурын хотгорт оршино.Физик газар зүйн хувьд Алтайн нуруу, Ханхөхийн нурууны салбар, Их нууруудын хотгорын мужид багтдаг.
Увс аймгийн өмнөд хэсэгт: - Улаанбаатар хотоос 1350 км - Аймгийн төвөөс 176 км зайд байрладаг.Завхан сум нь Монгол орны баруун хэсэгт их нууруудын хотгорт хойд өргөрөгийн 48 градус, 49 минут 24 секунд, зүүн уртрагийн 93 градус 07 минут 03 секундэд оршдог. Хамгийн өндөр цэг нь Гилбэн уулын Дарцагт – Оргил, бөгөөд далайн түвшинээс дээш 1551 метр, хамгийн нам цэг нь Хяргас нуурын эрэгт 1028 метрт оршдог.
Сумын нутаг бүхэлдээ говийн бүсэд багтдаг. Хуурай уур амьсгалтай, гандуу дулаан зунтай, хахир өвөлтэй. Жилд дунджаар 240 хоног цэлмэг байж нэг ам сантиметр газрын гадаргууд 1300-1400 квт/цаг нарны нийлмэл цацраг тусдаг. Жилийн дундаж дулаан -20С.• 1 дүгээр сарын дундаж температур -17.80С• 7 дугаар сарын дундаж температур +23 0С• Жилийн дундаж салхины хурд 2.8 м/с • Жилийн дундаж хур тунадасны нийлбэр 100 – 120 мм