Мөрөн сум нь 1923 онд байгуулагдсан анхны сумдын нэг. Засаг захиргааны хувьд Зөөлөн, Өлзийт, Бүрээт, Цагаан толгой, Чандгана гэсэн 5 – н багтай бөгөөд 653 өрхийн 1970 хүн ам, 143736 мянган толгой малтай, эдийн засгийн гол үзүүлэлт нь хүнсний ногооны тариалалт, мал аж ахуй эрхлэлт юм.
Далайн түвшнээс дээш 1600 метр өргөгдсөн, Төв азийн хойд хагас Монголын өргөн уудам нутгийн зүүн хагаст Хэнтийн уулархаг нутгийн шувтрах үзүүр, Хэрлэн голын хойд биеэр нутагтай Мөрөн сум бүхэлдээ тал хээрийн бүсд багтдаг.
Тус сумын нутагт жилд 160 мм хур тунадас ордог. Салхины дундаж хурд 4,6 м/с, Агаарын дундаж температур -1+2 градус, хамгийн халуун нь 6-н сард +32,8 градус, хүйтэн нь 12-1 сард -48,2 градус хүрдэг.