Хэнтий аймгийн Жаргалтхаан сум нь 1923 онд байгуулагдсан. Хуучнаар Сэцэн хан аймгийн Баатар бэйлийн хошуу, 1923 оны Монгол Улсын засаг захиргааны өөрчлөлтөөр Баянзүрх-Уулын хошуу болж шинэчлэн байгуулагджээ. 1931 онд Жаргалтхаан сум хэмээн нэрлэгдсэн түүхтэй.Гичгэнэ, Баянцогт, Баян-Эрдэнэ, Чулуут, Төв гэсэн 5 багийн нийт 619 өрхөд 2011 хүн амьдардаг. Мал аж ахуй голлон эрхэлдэг.
Мянганы замын зүүн чиглэлийн хэвтээ тэнхлэг сумын төвөөр дайран өнгөрдөг, төвлөрсөн эрчим хүчний цахилгааны шугамд холбогдсон, шилэн кабель, өндөр хурдны интернет тавигдсан, сумын богино долгионы FM радиотой, үүрэн холбооны Мобиком, Жи-Мобайл, Юнител, Скайтел зэрэг операторын сүлжээнд холбогдсон, дэд бүтэц сайн хөгжсөн сум юм.
Далайн төвшнээс дээш дундажаар 1358 м өргөгдсөн. Жаргалтхаан-уул нь далайн төвшнээс дээш 1614 м өндөртэй, нутгийн тахилгат, унтарсан галт уул юм. Физик газар зүйн хувьд Хэнтийн нуруу, түүний захын салбар уулс тал хээр хосолсон газар нутагтай.
Хэнтий аймгийн баруун хойд хэсэгт:Улаанбаатар хотоос 230 км, Өндөрхаан хотоос 100 км зайд байрладаг. Хэнтий аймгийн баруун хойд бүсийн сумдын төвд оршдог. Баруун болон баруун хойд талаараа Дэлгэрхаан сумтай, баруун хойд болон хойд талаараа Цэнхэрмандал сумтай, зүүн хойд болон зүүн талаараа Өмнөдэлгэр сум, Өлзийт тосгонтой, зүүн урд талаараа Мөрөн сумтай, урд талаараа Баянмөнх сумтай тус тус хилэлдэг.
Хуурай, сэрүүн зунтай, хатуу өвөлтэй.1-р сарын дундаж температур -18.80С 7-р сарын дундаж температур +17.10ССалхины хурд дунджаар 5-7 м/с хүрч, жилд дундажаар 200-250 мм тунадас ордог.