Тэлмэн сум нь Монгол Улсын Завхан аймгийн нэгэн сум. Шургах, Өгөөмөр, Нуур,
Баян-Айраг, Баянтэгш, Өвөгдий гэсэн 6 баг, 772 өрх, 2755 хүн амтай. Хүн амын
тоогоор Завхан аймгийн 24 сумаас 6-д, газар нутгийн хэмжээгээр 11-д ордог. 1931 онд Цэцэрлэг мандал уулын хошууны
Жанжинбат, “Сэвжид” гацал уулын хошууны Баясгалант сум, Нөмрөг уулын хошууны
Идэр, Цэцэрлэг, Баянзүрх, Баян-Айраг сумдаас нэгтгэн Тэлмэн сумыг 500 орчим
өрхтэйгээр, сумын төвийг Баруун булаг хэмээх газар байршуулснаар сум үүсэн
байгуулагджээ.
Газарзүйн
байршлын хувьд Завхан аймгийн зүүн хэсэгт, Улаанбаатар хотоос 860 км, аймгийн
төвөөс 122 км зайд байрладаг. Завхан аймгийн Тосонцэнгэл, Нөмрөг, Яруу, Идэр,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумтай хиллэдэг.
Хойд
захаар Булнайн нуруу, Буга Өндрийн нуруу, Баянзүрх, баруун урд хэсэгт Хангайн
нурууны Хөх чулуут, Цагаан чулуут, Өгөөмөрийн нуруу гэх мэт уулстай. Хүрэн тал,
Наран булагийн хөндийнүүдтэй. Төмрийн хүдэр, барилгын түүхий эдийн баялагтай.
Голын
хөндий нуурын орчмоор хиргэсүүр, хүн чулуу олонтой. Тэлмэн нуурын урдуур
элсэрхэг хөрстэй. Хаг, хөвд, алаг өвс, алирс, өлөн, үетэн бүхий нугын
ургамалтай, шинэсэн ойтой, зэрлэг гахай, буга гөрөөс, бор гөрөөс, чоно, шилүүс,
үнэг, дорго, хярс, чандага, тарвага, туулай гэх мэт амьтантай. Ойн тал хээрийн
нүүдлийн шувуугаар баян. Жарантайн нуур, Ангирт нуур, Тэлмэн нуур, Бүст
цэнхэр нуур гэх мэт нууруудтай. Баянзүрх, Замбага гэх мэт амралтын газруудтай.