1924 онд хошууг 10 сумтай
53 багтай захиргааны нэгжийн байгуулалтад оруулсан байна. Тэр үед одоогийн
Баянтэс,Тэс сумдын нутаг дэвсгэрт Хантайшир уулын аймгийн Дэлгэрхаан уулын
хошууны Баян-Уул сум (Баян-Уул, Дооно, Халбанзаяа багтай), Бойжир Уул сум (Баяжих, Тэсийн гол, Халбан багтай), Бүрэнчандмань Уулын сум (Батдах, Жавхлан ), Буянт (Хачиг), Бадрах(Зайгал) багтай байгуулагдсан нь одоогийн сумын анхны суурь гэх
үндэстэй. Орон нутгийн засаг захиргааны өөрчлөх бэлтгэл судалгааг 1929-1930 онд
хийж хуучин хошуудын захиргааг 1931 оны 4-р сарын 5-ны өдөр татан буулгасан
байна. Ингэж монгол улсад 13 шинэ аймгийг байгуулах хурлыг удирдахаар Дарам
гэгч хүн Баян-Уул, Баянхайранд 1924 оны 3-р сард ирж сумын захиргааны дарга,
нарийн бичгийн дарга, тэргүүлэгчид аймгийн анхдугаар их хурлын төлөөлөгчийг
сонгуулжээ.
Шинэ байгуулалтаар
Баян-Уул, Бойжир, Бүрэнчандмань сумдыг нийлүүлж Хөвсгөл аймгийн Баян-Уул
сум нэртэй, найман багтайгаар байгуулж “Гандан”-д төвлөрүүлжээ. Тэр үеийн багийн харъяалал 1-р баг Дооно,
2-р баг Баян-Уул, 3-р баг Бэрх, Шавар шохой, 4-р баг Жавхлан(Баянбулаг), 5-р баг Хачиг, 6-р баг Зайгал, 8-р баг Дүнгээ байжээ.
Хөвсгөл аймагт 11 жил харъяалагдаж байгаад 1942 онд Завхан аймгийн Баян-Уул сум
болжээ.Баян-Уул сумын 1-9-р багийн 9-р баг Нисэг нь анхны 8 багийн дараа
байгуулагдсан бололтой. Ардын хурал ирэгдийн саналыг үндэслэж БНМАУ-ын АИХ-ийн
Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1959 оны 5-р сарын 31-ны зарилгаар Тэс сумыг
байгуулжээ. Тэнд 1969 онд ЗХУ-н тусламжтайгаар Тэжээлийн аж ахуй байгуулагджээ.
Тариалангийн талбай, малын бэлчээр зохилдохгүй гэж үзээд 1974 онд Тэс сумын “Дэлгэр” нэгдлийг татан буулгаж Баян-Уул сумын “Жаргалант” амьдралын нэгдэлтэй нэгтгэн сумыг Баянтэс,
нэгдлийг “Дэлгэрэх-Амьдрал” хэмээсэн байдаг.
Газар нутаг, хил хязгаар:
Баянтэс нь хойд талаараа
ОХУ-н автномит Тува улстай 179 км газраар хил залгана. Харин баруун талаараа
Увс аймгийн Баруун туруун, Зүүн хангай, өөрийн аймгийн Тэс сумуудтай, урдуураа
Баянхайрхан, Асгат зүүн талаараа Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумтай тус тус
хиллэдэг. Сумын төв Алтай нь Улаанбаатар хотоос 1150 км, аймгийн төв
Улиастайгаас 311км алслагдсан. Газар нутгийн хэмжээ 433898га (1998 он) үүнээс ХАА-н газар 387455 га, тариалангийн талбай 2365
га, хадлангийн талбай 1287 га, бэлчээрийн талбай 383074 га, хот суурин бусад
суурин газрын эдэлбэр 330 га, зам шугам сүлжээний газар 262 га, ойн сан бүхий
газар 44686 га усны сан бүхий газар 1165 га байдаг. Баянтэс сумын нутагт
байгалийн өвөрмөц тогтоц бүхий Эвэртэй мод, Амьд харз, Устын 33 агуй гэх мэт
олон үзэсгэлэнт газарууд олон байдаг.
Баянтэс сум нь олон сайхан үзэсгэлэнт
газраас гадна монголын 3 том нурууны дунд орших газар зүйн онцгой байршилтай
сум юм. Зүүн талаасаа Булнай нуруу, хойд талаасаа Тагны нуруу, баруун урд
талаасаа Хан хөхийн нурууны төгсгөл Дүнгээн уулсаар хүрээлэгдсэн байдаг. Сумын
төв нь далайн түвшинээс дээш 1430 м оршино.
Цаг
уур:
Сумын нутаг дэвсгэр нь газар зүйн мужлалын
Хангай Хөвсгөлийн уулсын цаг уурын бүсэд хамаардаг. Бүс нутгийн цаг уур нь эх
газрын эрс тэс уур амьсгалтай, сар, улирал, жилийн агаарын температур хэлбэлзэл
ихтэй байдаг. Өвлийн улиралд салхины хүч намдаж цэлмэг хүйтэн өдрүүд олонтаа
тохиолдоно. Хаврын улиралд салхины хүч нэмэгдэж агаарын даралт аажмаар буурдаг.
Зуны эхний хагаст хур тунадас багатай хуурайвтар, харин хоёрдугаар хагасаас
нэлээд бороошдог. Сумын цаг уурын станцын олон жилийн ажиглалтаас үзэхэд сумын
нутгийн жилийн дундаж температур -6,50, хамгийн дулаан наймдугаар
сарын дундаж 15,50, хамгийн хүйтэн нэгдүгээр сарын дундаж температур
-32,70 байна. Өвлийн улиралд үлэмж хүйтэрдэг тул газрын хөрс
4,5м зарим жилд 6,5 м хүртэл гүн хөлддөг. Жилд дунджаар 196,6 мм хур тундас
унах боловч хур бороо ихтэй жил (1973 онд) 312 мм, гандуу жилд (1971 онд) 112,4
мм хур тундас унаж байжээ.
Усан
хангамж:
Булнайн нуруунаас эх авсан Тэсийн гол нь
тус сумын нутагаар дайран өнгөрөх ба эх авсан газраасаа Баянтэс хүртэл 230 км,
дундаж налуу 0,0014, голын өргөн 80-100м гүн 1,0-1,5м урсгалын дундаж хурд
0,5-0,6 м/сек. Мөн тагны нурууны өврөөс эх авсан түргэн урсгалт Хачиг, Зайгал,
Цэрэг, Хос зэрэг голууд тэсийн голд цутгадаг. Мөн Баянгол, Хатгуурантай,
Бугасогоо, Могой зэрэг жижиг голууд домогт Тэсийн голыг сэлбэн цутгаж байдаг.Сүүлийн
жилүүдэд эдгээр голуудын усны нөөц нэлээд багассан тал бий. 1970-1980-д онд
Бужирын өвөр, Дүнгээн ар, Өвөр хөндий, Мухар могой, Бугасогоо, Тарган нуурын
хөндийд 20-иод гүн өрмийн худаг, ухан гаргаж мал сүргийг усаар хангаж байна.
Хөрс
ургамал, ан амьтан, байгалийн баялаг:
Тус
сумын газар нутаг нь физик, газарзүйн мужлалын хувьд Хан Хөхий болон хангайн
нурууны салбар уулсад хамаардаг. Далайн түвшинээс дээш дунджаар 1771,6-2227,7 м
өргөгджээ. Улсуудын гарал үүсэл болон морфологийн шинж чанараараа жижиг дов
толгод болон дунд зэргийн өндөрлөг уулст гадаргад хамрагддаг. Уулсуудын оргил
нь шовх, дэллэсэн маягийн гадаргаас гадна маш олон тооны жижиг гуу жалгаар
хэрчигдсэн байдаг. Тариаланд тохиромжтой хөрстэй.
Баянтэсийн нутаг дэвсгэр дээр Шинэс, Гацуур,
Хуш, Хус, Бургас, Улиас, Хайлаас, Яргай, Чаргай зэрэг олон төрлийн мод бут,
бэлчээрийн өвс ургахаас гадна чацаргана, үхрийн нүд, тошлой, улаалзгана, нэрс,
аньс зэрэг жимс, таван салаа, гоньд, бамбайн үндэс, арц, алтан товч, ганга,
алирс,гишүүний үндэс, хөх, шар дэгд, мэхээр цайны ургамал, алтан хундага,
нохойн хошуу, сөд, зээргэнэ, тэхийн шээг, хамхуулын үндэс, монгол туйплан,
монгол бэрээмэг, тэмээн сүүл, зэрэг олон төрлийн эмийн ургамал, самар , зэрлэг
сонгино ургадаг.
Хандгай, буга, баавгай, янгир, ирвэс,
шилүүс,чоно, үнэг, хярс, бодон гахай, бор гөрөөс, зээх, жирх, тарвага, зурам,
дорго, хүдэр, цагаан үе, суусар,солонго, өмхий хүрэн, хэрэм, булга, чандага,
туулай зэрэг олон ан амьтан нүүдлийн болон суурин шувуудын өлгий нутаг юм.
Баянтэс
сум нь:
Засаг
захиргааны хувьд Бужир, Зайгал, Хачиг, Жавхлан гэсэн 4
багтай.