ЗАВХАН - ДӨРВӨЛЖИН СУМ


Дөрвөлжин сум нь 1931 онд тэр үеийн Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуунаас тасран Завхан аймагт харьяалагдан байгуулагджээ. Дөрвөлжин сумын уг үүтгэл болох Сарт гол Сэцэн вангийн хошуу нь Манжийн эрхшээлийн үед Халхын өрнө замын зүүнгарын зүүн этгээдийн хошуу, Богд хаант Монгол улсын үед Сэцэн засгийн хошуу, 1923-1931 оны үед Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуу гэх зэргээр нэрлэгдэж байсан бөгөөд 1931 оны засаг захиргааны их өөрчлөлтөөр Сэцэн Сарт-Уулын хошууны Дөрвөлжин, Буурал сумдыг нэгтгэн Таван толгойд 8-н баг, 265 км нутагтай, анхны хоршооны салбар нэгтэйгээр байгуулан сумын даргаар Жавзанжав (эмэгтэй) нарийн бичгийн даргад Б.Довчин, бичээчээр Г.Довчинжамц нарыг сонгожээ. Энэ үед сум нь 8-н баг, 500 шахам өрх, 1500 орчим хүн ам, 60-аад мянган малтай байв.


Уур амьсгалын хувьд эх газрын эрс тэс уур амьсгалтай, өвлийн улиралд дунджаар 35-40 хэм хүйтэн, зуны улиралд дунджаар 30-35 хэм дулаан, ихэвчлэн хуурай уур амьсгалтай, жилд унах хур тунадасын хэмжээ дунджаар 38,1 мм. Тус сумын нутагт Дааган дэл, Шүүт, Аргалын ар, Бүрчигтий, Их бага Буурал, Талын хар, Хангай уул, Баян айраг, Баян улаан, Зүр, Буга зэрэг уул толгод, Хом, Сарын тал гэсэн өргөн хөндий, Завхан гол, Хар нуур, Дөргөн нуур, Бага нуур зэрэг нуур цөөрөм, Хар ус, Шар булаг, Цагаан ус, Сан, Бага нуур зэрэг булаг шанд, суль, түнгэ, шаваг, хөмүүл, таана, баглуур, бударгана, цагаан өвс, хамхуул, цахилдаг, харгана, агь, гогод, гонид, дэгд, чихэр өвс, гоёохой, тарваган шийр, тэмээн хөх, суль, сульхир, хармаг чацаргана, барагшин зэрэг өвс ургамал, үнэг, туулай, мануул, өмхий хүрэн, янгир, цагаан зээр, хар сүүлт, зэгсний гахай, аргаль, ондатор, суусар, ёл, хойлог, тоодог, тогоруу, тас, үрэвтас, хун, хотон зэрэг ан амьтадтай. Байгалийн үзэсгэлэнт Зүрийн сэнжит хад, Дөш овоо, Тайх хангай уул, Нумтын ганц буйлаас, Сар хайрхан уул, Чандмана толгой, Буурлын цагаан овоо, Могойн хэвтэр чулуу, Дөрвөлжингийн Шар хадны хонгил, Мөнгөт хясаа, Алтан манх, Дуут манх зэрэг газар түүхийн дурсгалт Дашдондовын овооны цогцолбор дурсгал, Сар хайрхан уулын дурсгал, Дааган дэл уулын буган хөшөө, Эмээлтийн хадны зураг, Их мааньтын хадны зураг, Их буурлын худгийн амны хадны зураг, Олон индэртийн хадны зураг, Сультын хиригсүүрүүд, Буга хайрханы цогцолбор дурсгал, Туулайтын улаан хадны зураг, Зүрийн хадны зураг, Улаан овооны дор орших буган хөшөө, Цагаан замын буган хөшөө, Олон овооны буган хөшөө, Баян айраг уулын хадны зураг, Шар хадны энгэрийн хүн чулуун хөшөө, Бага буурлын түшмэлийн өвөлжөөний хадны зураг, Буурал уулын зүүн талд орших эртний хотын туурь, Цагаан оломын манж цэргийн суурингийн туурь, Зүрийн бичигт хөшөө, Олон овооны арын хүн чулуун хөшөө, Бүдүүн цагааны хадны зураг зэрэг дурсгалуудыг өгүүлэхгүй байхын аргагүй. Байгалийн энэхүү бүс нутагт анхнаасаа МАА үйлдвэрлэл хөгжиж эхэлсэн байна.



Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0