Хойд талаараа ОХУ-ын Чита муж, зүүн болон өмнөд талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгуудтай, баруун урд, баруун талаараа Сүхбаатар, Хэнтий аймагтай тус тус хиллэдэг. Нутаг дэвсгэрийн хэмжээ 123.5 мянган хавтгай дөрвөлжин километр.
2010 оны байдлаар хүн амын тоо 69552, малын тоо толгой 1113300. Засаг захиргааны 14 нэгжтэй. Дорнод аймгийн хүн ам халх, буриад, барга, үзэмчин зэрэг ястнаас бүрддэг. Аймгийн төв Чойбалсан хотод 39 мянган хүн оршин суудаг. Тус аймгийн үйлдвэр, аж ахуй, соёл, гэгээрэл, засаг захиргааны төв Чойбалсан хот улсын нийслэл Улаанбаатараас 655 километр алслагдсан бөгөөд аймгийн нутаг далайн төвшнөөс дээш 560-1300 метр өргөгдсөн ухаа гүвээ бүхий тал хээр юм. Нутгийн зүүн өмнө хэсэгт Мэнэн, Тамсаг, Матадын өргөн уудам талуудтай. Дорнод аймагт улсын хэмжээний хадлангийн талбайн 54 хувь, тариаланд тохиромжтой талбайн 22 хувь, бэлчээрийн 10 хувь оршдог.
Тус аймаг нь түүх дурсгалын газруудаас гадна гадаадын жуулчдын сонирхол татах уудам өргөн тал, гол горхи, нуур цөөрөм, ан амьтнаар баялаг. Цагаан хөндий, Минжүүр, Эрээн, Цагаан чулуут зэрэг халуун, хүйтэн 30 гаруй рашаантай. Тус аймгийн нутагт Хэнтий нуруунаас эх авсан Хэрлэн, Онон, Улз, Хянганы нуруунаас эх авсан Халх, Нөмрөгийн голуудаас гадна том, жижиг олон гол, горхи, нуур цөөрөмтэй. Монгол орны хамгийн нам дор газар болох далайн түвшнээс 560 метр өргөгдсөн Хөх нуур тус аймагт оршино. Дорнод аймагт Халх-Нөмрөгийн, Дорнод Монголын дархан цаазат газар, Монгол Дагуурын дархан цаазат газар зэрэг тусгай хамгаалалттай газар, Угтам, Тосон-Хулстай зэрэг байгалийн нөөц газар, Онон-Балжийн байгалийн дурсгалт газрууд бий. Цэн тогоруу, хургач бор, монгол бялзуухай зэрэг судлаачдын анхаарал татаж буй дэлхийд хаана ч байдаггүй ховор шувууд бий. Тус аймгийн нутагт X-XI зууны Киданы үеийн Хэрлэн бар хот, Хэрмэн зам, XIX зууны үед хүний гараар бүтээгдсэн Утай таван уул, Их бурхант, хүн чулуунууд, Угтамын хийдийн туурь, Халх голын ялалтын хөшөөнүүд зэрэг түүхийн дурсгалт газрууд олонтой.
Тус аймаг байгалийн нөөц баялагаар арвин. Хүрэн нүүрс, жонш, нефть, уран, шохойн чулуу, алт, вольфрам, зэс, утаат болор, хадан цагаан, төмрийн хүдэр, шатдаг занар зэрэг ашигт малтмал, давс, хужир зэрэг ашигт малтмалын нөөц газруудтай. Дэд бүтэц, зам тээврийн хувьд харьцангуй хөгжсөн аймаг. Тус аймгийн дотоодын тээвэрт 370 орчим километр төмөр зам ашиглагдаж байна. Цагт 60 хүнд үйлчлэх онгоцны буудал нь Чингис хаан олон улсын онгоцны буудлын нөөц буудал юм.
Дорнод аймгийн 9 гайхамшигаар Чингисийн хэрмэн зам, Хэрлэн барс хотын туурь, Буйр нуур, Хайлангийн хадны хүн дүрст чулуу ба дөрвөлжин булш, Их бурхант чулуун бурханы цогцолбор, Шонх таван толгойн хүн чулуун хөшөө, Хамар даваан дээрхи ялалтын хөшөө, Халх гол, Вангийн цагаан уул зэрэг газрууд тодорчээ.