Дорноговь аймаг нь Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгууд болон БНХАУ-тай хиллэдэг. Аймгийн төв Сайншанд хот Улаанбаатар хотоос 463 километр зайтай, төмөр замын дагуу оршдог. Нутаг дэвсгэрийн хэмжээ 109 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 53584, малын тоо толгой 814700. Сайншанд хот: 1931 онд тэр үеийн Их Дулаан уулын хошууны төв байсан “Далай сайн шанд” гэдэг газар 70 шахам эсгий гэр, 200 гаруй хүнтэйгээр байгуулагджээ.
1961 онд АИХ-ын зарлигаар Сайншанд хот болгожээ. 19.5 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Орон сууцны 4 контор 200 өрх айл 10000 хүн амтай. Анагаах ухааны дунд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг ясли, нэгдсэн эмнэлэг, Баянговь театр, номын сан, хөгжимт драмын театр, орон нутаг судлах музей зэрэгтэй. Улаанбаатар хоттой төмөр замаар холбогдсон томоохон өртөө газар болно.
Дорноговь аймаг ХI, ХII зууны Монголын эзэнт гүрний үед Хэрэйд аймаг, Манжийн ноёрхлын үед Түшээт хан аймаг, Автономит төрийн үед Богд хан уулын аймаг нэртэй байлаа. ХVI зууны үед Батмөнх Даян хааны хөвгүүн Гэрсэнз Жалайр хунтайжийн 7 хөвгүүний эзэмшил Халхын анхны долоон отог хошууны нэг Авга мэргэн ноёны хошууны нутагт одоогийн Дорноговь аймгийн нутаг бүхэлдээ хамаарч байжээ. Монгол улс Манжийн дарлалд орсноор Мэргэн вангийн хошуу нутгийн нэрийг “Халхын умар замын зүүн гарын дундад хошуу” хэмээн нэрлэж байв. 1911 онд Богд хаант Монгол улсыг байгуулахад Мэргэн вангийн хошуу нэрийг сэргээн тогтоосон байна. 1924 онд Мэргэн вангийн хошууг 4 хошуу болгон өөрчилж, Хутаг уулын хошуу, Их дулаан уулын хошуу, Оцол сансар уулын хошуу, Хоёр өлзийт уулын хошуу хэмээн нэрийдсэн байна. 1930 онд эдгээр 4 хошууны нутаг дээр Гал шар уулын хошууны өмнөт, Дарьганга хошууны баруун хэсгийг харъяалуулан Дорноговь аймгийг байгуулах шийдвэр гаргажээ.
Зэс, хайлуур жонш, чулуун нүүрс, өнгөт металл, шохойн чулуу, алт мөнгө зэрэг 38 төрлийн ашигт малтмалын орд, илрэлүүд тогтоогдсон. Дорноговь аймгийн газар нутаг нь хуучин ба дунд, шинэ чулуун зэвсэг, хадны сүг зураг, хүрлийн болон төмрийн үеийн зэр зэвсэг, булш бунхан, гэрэлт хөшөө, хот балгадын туурь зэрэг түүх соёлын үнэт дурсгалууд, 80 гаруй сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлийн чулуужсан яс, далай, тэнгисийн амьтан, ургамлын үлдэгдэл, чулуужсан мод, 30 сая жилийн өмнө амьдарч байсан намгийн хирон, одос үхэр, тэмээн хяруулын ул мөр зэрэг палеонтологийн чухал олдворууд бүхий Монгол орны унаган төрхөөрөө байгаа говь нутаг билээ. Тус аймгийн нутагт шарын шашны 100 гаруй сүм хийд байжээ.
Дорноговь аймгийн 7 гайхамшигаар Хамрын хийд, Цагаан дарь эх, Сүйхэнтийн ой ба Өлгий хийд, Цонжийн булуу, Бүрдэнэ булаг ба Мөнхийн ам, Эргэлийн зоо, Нүдэнгийн хонхор зэрэг газрууд тодорчээ.