Жаргалант сумын нутаг хуучнаар Эетэй засгийн хошууны
нутаг. 1931 онд Рашаант уулын хошуунаас Эрдэнэцогцолсон уулын хошуу гэж байгуулагдсан.
Нутаг дэвсгэрийн хэмжээ 2833 кв.км, 4142 хүн амтай, 125304 тоо толгой малтай. Нутгийн
засаг захиргааны бүтцийн хувьд Жаргалант сум нь Асайт, Зуслан, Хоолт,
Баянцагаан хэмээх багуудтай.
Газар нутгийн хувьд Дулаан хан, Ёлын Ёвдон, Овоохойт,
Цагаан хад, Хөндлөн, Нарийн нүүр, Баянзүрх, Шавхат, Ширэвтэр, Цагаан асгат,
Бугатын овон, Сайхан гэх мэт өндөр уулстай. Чулуутын гол, түүний цутгал Даага,
Асаат, Өвөр Чингистэй, Ар Чингистэй, Золт, Сайр, Бугат, Сүдэт, Хоолт, Их, Бага
Тээл, Далийн овоо, Их Улиастай, Нарийн Улиастай, Мухар, Харгана, Ажирга, Хануй
голын цутгал Зуслан, Цуурай зэрэг олон гол горхи урсдаг. Сумын төв нь Баянцагаан
хэмээх газар бөгөөд аймгийн төвөөс хойш 230 км зайтай оршдог.