ӨМНӨГОВЬ - БУЛГАН СУМ

Аймгийн төвөөс баруун хойш 100 км зайд оршдог. Өмнөговь  аймгийн есөн гайхамшигийн нэг Баянзаг – Flaming cliffs – Улалзах цонж энэ сумын нутагт оршдог. Эндээс 1920-иод оны дундуур олсон үлэг гүрвэлийн олдворууд, эртний “Торгоны зам” нь олдсон цагаасаа л дэлхийн сонорт хүрсэн  байдаг. Булганы Хавцгайтын хадны зураг,  Арц богдын Цахиуртын хөндийн чулуун зэвсгийн  дарханы газар зэрэг нь сонирхол татдаг.  Рашаан сэрвэн, Шар маань, Баруун сайханы уул, Өрхтийн цоорхой, Төгрөгийн ширээ, Авдрантын нуруу, Нарт,  Навтгар зэрэг байгалийн үзэсгэлэнт тогтоц, ховор чухал олдвор бүхий газруудтай.



Сумын төвөөс хойш 60 км, Нарт уулын төвөөс хойш 60 км зайд “Чингис хааны гэрэлт хөшөө”-г Монголын нууц товчоо жуулчны бааз босгосон.  Энэ газар Их эзэн Чингис хаан амьдралынхаа сүүлийн жил Тангудыг дайлаар мордож явахдаа мориноосоо унаж гэмтэн өвөлжсөн гэдэг. 

Булган сум нь Монголын аялал жуулчлалын томоохон түшиц газар. Зөвхөн Булган сумын орчинд  Америкийн хөрөнгө оруулалттай “Говийн Гурван Тэмээ” дотоодын “Монгол Говь”, “Говь Тур”, “Баянзаг” , “Говийн Баянбүрд”, Японы хөрөнгө оруулалттай “Dream gobi” жуулчны бааз, “Алтан говийн ширээ” малчны нөхөрлөл,  сумын төвд тогтмол ажиллагаатай  “Анх сан хоршоо” гэст хаус бий.  Олон булаг, шандыг түшиглэсэн хүнсний  ногоо тариалалттай бөгөөд Булганы улаан лооль нь улсдаа алдартай.

Жил бүрийн 3-р сарын 6-нд энэ сумын иргэдэд түшиглэсэн, Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн том евентүүдийн нэг “Тэмээний баяр” болдог.  Аялал жуулчлал харьцангуй хөгжсөн, цаашдаа энэ нутагт “Үлэг гүрвэлийн үндэсний хүрээлэн” байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0