11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ӨМНӨГОВЬ - ДАЛАНЗАДГАД СУМ

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сум Улаанбаатар хотоос 585 км. Өмнөговь аймгийн нийт хүн амын бараг 50 хувь нь Даланзадгад хотод амьдардаг. Өмнөговь аймгийн засаг захиргааны төв бөгөөд бүх сумдуудтай авто зам, харилцаа холбоо, шилэн кабелиар холбогдсон. Аймгийн төвд Холбооны газар, Гандирс худалдааны төвүүдэд интернэт төвтэй. Аймгийн иргэдийн дийлэнх нь буддын шашинтай боловч Есүс Христэд итгэгчдийн цөөнгүй цуглаан байдаг. Тус аймгийг Монгол улсын дөрөвдөгч том хот болгох ерөнхий төлөвлөгөөнд одоогийн байршлаас зүүн хойш байхаар төлөвлөгдсөн. Хэдийгээр Даланзадгад сум нь харьцангуй тайван амгалан байдаг ч аймгийн төвийн гол газрууд, гэр хорооллуудыг камержуулж цагдаагийн хяналтанд байлгадаг.

Даланзадгад хотод “Ажнай талбай” хэмээх усан оргилуур, том LCD бүхий томоохон талбай нь зуны үдэш оройн цагаар хүүхэд залуучуудын цуглах гол газар болсон бөгөөд үе үе томоохон шоу цэнгүүн зохион байгуулагддаг.

Даланзадгад хотоос хойш 6 км зайд Гурвансайхан нисэх онгоцны буудал байдаг. Энэ буудал удахгүй олон улсын нисэх буудал болно. Ихэнх групп жуулчдын хувьд Гурван сайхан онгоцны буудлаас шууд жуулчны баазууд руу явдаг учраас аймгийн төвийн амьдралтай танилцаж амждаггүй.

Жижиг дэн буудлаас эхлээд өндөр зэрэглэлийн Хан-Уул, Даланзадгад зэрэг зочид буудлуудтай. Green castle, Баян бүрд, Crown зэрэг томоохон  ресторанууд нь Ази Европ хоолтой.

Аймгийн төвд орон нутгийн музей бий. Түүний салбар нь Ёлын аманд байдаг. Говийн байгаль орчны талаар мэдээлэл авах, 1920-иод онд Америкийн нэрт судлаач Рой Чепмэн Эндрюсийн судалгааны тухай баримтат киног аймгийн төвд орших “Галакси” кинотеатрт үзэх боломжтой.  Мөн  Монголын хоёр бөхт тэмээний тухай бичил музей байдаг. Аймгийн төвийн цэцэрлэгт хүрээлэнд говийн цөөнгүй мод ургамалтай танилцаж болохоос гадна хавар намрын шувуудын нүүдлийн цагаар олон зүйл мод, бутны шувуудыг эндээс хардаг.

ТОО
0
0
0