Аймгийн төв нь Цэцэрлэг хот бөгөөд Улаанбаатар хотоос 521 километр зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 55.3 мянган хавтгай дөрвөлжин километр. Засаг захиргааны 19 сум, 99 багтай, 93159 хүн амтай. Улсын мал тооллогын 2011 оны дүнгээр малын тоо толгой 2679200 тоологдож улсад 2 дугаар байранд орсон бөгөөд 196100 адуу, 302000 үхрийн тоогоор улсад тус бүр 2 дугаарт, 1327500 хонь тоолуулж улсад гуравдугаарт орсон байна.
1923 онд засаг захиргааны өөрчлөлт хийж Сайн ноён хан аймгийн суурин дээр Цэцэрлэгмандал уулын аймгийг байгуулжээ. 1931 онд 71 сум, 16 хошуутай байсан тус аймгийг 35 сумтай Архангай аймаг болгожээ.
Далайн төвшнөөс дээш дунджаар 2414 метр. Хамгийн өндөр цэг нь 3539 метр өндөр Харлагтайн сарьдаг уул. Хамгийн нам дор цэг нь 1290 метр өндөр Орхон Тамирын бэлчир юм. Хойд талаараа Хөвсгөл аймагтай, зүүн талаараа Булган аймагтай, өмнө талаараа Өвөрхангай аймагтай, баруун хойд талаараа Завхан аймагтай тус тус хиллэдэг. Суварга хайрхан, Харлагтайн сарьдаг, Загастайн гялгар, Цагаан асгат, Ноён хангай, Хан-Өндөр, Цогт сүмбэр зэрэг тэнгэр баганадсан олон уулс байхаас гадна Бугат, Тарвагатай, Гичгэнэ, Хайрхандаваа, Булган зэрэг ой модоор хучигдсан олон уул нурууд сунаж тогтсон.
Тамир, Орхон, Хануй, Хүнүй, Чулуут, хойд урд Тэрх, Суман, Гичгэнэ, Согоот, Цэнхэр зэрэг 844 түргэн урсгалт голууд урсдаг. Тэрхийн цагаан, Өгий, Дөрөө, Холбоо, Хөх, Цайдам, Дуут, Хөдөө зэрэг 188 нуур цөөрөмтэй. Хадат, Үүртийн тохой, Мухар хужирт, Цэнхэр, Шивэрт, Улаан эрэг, Бор тал, Цагаан сүм, Чулуут, Бумбат зэрэг 50 гаруй халуун хүйтэн рашаануудтай.
Аймгийн хэмжээнд ашигт малтмал бүрэн судлагдаагүй хэдий ч нүүрс, шатдаг занар, төмрийн болон зэсийн хүдэр, марганц, болор, хүрмэн чулууны баялаг нөөцтэй.
Хорго, Тэрхийн цагаан нуур, Суман гол, Чойдогийн боргио, Чулуут гол, Цэнхэрийн рашаан, Сэнжит цохио, Суварга хайрхан, Тайхар чулуу, Бичигт хангай, Манхан, Эрдэнэбулган, Өгий нуур зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар нутагт нь жилийн турш аялан жуулчлагчдын хөл тасардаггүй. Хиргисүүр, булш бунхан, хот балгадын туурь, гэрэлт хөшөө, хадны сүг зургаар асар баялаг нутаг. Архангай аймгийн есөн гайхамшигаар Чулуутын гол, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Суварга хайрхан уул, Тамирын гол, Булган уул, Тайхар чулуу, Хар балгас, Билгэ хааны цогцолборуудыг тодруулжээ.
Хангайн
нурууны байгалийн цогцолборт газар: УИХ-ын 1996 оны 43-р
тогтоолоор улсын тусгай хамгаалатанд авсан ХНБЦГ нь уул зүйн хувьд Хангайн гол
нурууны зүүн хэсэгт оршдог. Физик газарзүйн мужлалаар Хангай-Хэнтийн уулархаг
их мужийн Хангайн мужид багтдаг. БЦГ-ын уулс нь ерөнхийдөө баруунаас зүүн тийш
намссан, баруун хэсгийн уулс далайн төвшнөөс дээш дунджаар 3000м-ийн өндөрт
өргөгдсөн эгч цавчим хад асга ихтэй ба зүүн хэсгийн уулс нь нам бөмбөгөрдүү
оройтой нэлэнхүйдээ модоор хучигдсан, далайн төвшнөөс дээш дундажаар 2000м-ийн
өндөрт өргөгдсөн байна. БЦГ-ын хамгийн өндөр цэг Харлагтайн сарьдаг (3539.9м)
нь Архангай, Баянхонгор аймгийн хилийн заагт, Хөх нуурын баруун нурууны оргил
юм. Хангайн нуруунаас Орхон, Хануй,
Чулуут, Идэр, Хойд, урд Тамир, Цэцэрлэг, хоёр Тэрх, зэрэг голууд эх аван
урсдаг. Хангайн нуруу нь зөвхөн манай улсад төдийгүй дэлхийд ач холбогдол бүхий
усны хагалбар газар бөгөөд эндээс эх авч байгаа голууд нь Хойд мөсөн далайн ай
сав, Төв Азийн гадагш урсгалгүй ай сав гэсэн хоёр хэсэгт хуваагддаг.
Хорго- Тэрхийн
цагаан нуурын байгалийн цогцолборт газар: Байгалийн үзэсгэлэнт
байдлыг харгалзан Хоргын галт уулыг 1965 онд дархалж улмаар тусгай
хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан газрын ангиллыг
өөрчилж УИХ-ын 1995 оны 26-р тогтоолоор байгалийн цогцолборт газар болгон
өөрчилжээ. Хорго-Тэрхийн цагаан
нуурын байгалийн цогцолборт газар нь Хангайн нурууны төв хэсэгт орших цэвэр
тунгалаг устай үзэсгэлэнт Тэрхийн Цагаан нуур орчмын сэтгэл татам байгаль,
Суман голын хөндий, уулархаг ландшафт, Хоргын тогоо, галт уулын лавын чулуулаг
зэрэг сонин тогтоц бүхий газруудтай. Тэрхийн цагаан нуур нь галт уулын лав
голын хөндийг боосноос үүссэн гэж үздэг. Тэрхийн Цагаан нуур,
түүний баруун талд орших намгархаг газар, жижиг нуурууд нь ус намгархаг газраар
тогтоогдсоноос гадна усны шувуудын өндөглөх, буудаллах чухал газарт тооцогддог.
Нуурын 6.110 га хэмжээтэй газар 953 дугаартайгаар Рамсарын конвенцийн Олон
улсын ач холбогдол бүхий газар нутгийн жагсаалтанд бүртгэгдсэн. Тус цогцолборт газарт 121 төрөл зүйлийн шувууд
бүртгэгдээд байна. Мөн Тэрхийн Цагаан нуур
нь Шувуу Хамгаалах Олон Улсын Байгууллага (ШХОУБ- BirdLife International)-ын
“Олон улсын ач холбогдол бүхий шувууд олноор амьдардаг газар нутаг” (IBA)
хөтөлбөрөөс хүлээн зөвшөөрөгдсөн шувуунд чухал ач холбогдол бүхий 41 газар
Монголд байдгийн нэг нь юм. Нуурын баруун талд Хунт
нуур, Хөдөө нуур, Ноот нуур харин зүүн талд лаван хөндий байдаг. Энд дэлхийд
устах аюулд өртөөд байгаа хошуу галуу, хээрийн галуу алаг шунгаач, хумхин
нугас, хавтгаалж зэрэг шувууд бөөнөөр цугладаг чухал газар нь болдог.
Ноён хангайн
байгалийн цогцолборт газар: Архангай аймгийн Хангай
сумын нутагт орших Ноён хангай уул нь байгалийн өвөрмөц тогтоцтой уул бөгөөд
нутгийн ард түмэн эрт дээр үеэс шүтэж ирсэн түүхэн уламжлалтай уул юм. Эмчилгээний
чанартай олон төрлийн халуун рашаантай, далайн түвшнээс дээш 3183.5м өндөрт
өргөгдсөн энэхүү уулыг УИХ-ын 1998 оны 28 дугаар тогтоолоор хамгаалалтанд
авчээ. Нийт 56.6 мян.га талбайтай. Энэ нутагт хуш, шинэсэн
ой голлон тархсан. Өндөр уулын 20 гаруй зүйл модлог, 30 гаруй зүйл өвслөг
ургамалтайгаас вансэмбэрүү, бэрээмэг, өлчир дэгд, эрээн гомбо, алтайн сонгино,
цагаан түрүү, алтан гагнуур, арц, даль гэх мэт ховор ургамал, тошлой, нэрс,
үхрийн нүд, нохойн хошуу зэрэг жимс элбэг ургадаг. Халиун буга, зэрлэг гахай,
бор гөрөөс байхаас гадна царам хэсгээр аргаль, янгир, хойлог, ёл тааралддаг.
Жижиг нуур цөөрмүүд нүүдлийн шувуудын дайран өнгөрөх, зусч өндөглөх чухал ач
холбогдолтой газар болдог. Улаан номд орсон халбаган хошуут, хар өрөвтас, гангар
хун, хээрийн галуу, явлаг сар, алтайн хойлог, хар өрөвтас, хондон ангир, зэрлэг
нугас, алаг шунгаач, өвөгт тогоруу, нарийн хиазат, умардын хавтгаалж, эгэл
хайргын хөгчүү, дорнын хүүрзгэнэ, бөвөөлжин өвөөлж, хээрийн шийхнүүхэй,
цэгцгийнүүд, ухаа дунхай, тарчигнаа зэржигэнэ гэх мэт олон зүйл шувуудтай.
Булган уулын
Байгалийн дурсгалт газар: Архангай аймгийн төв
Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уул нь нутгийн сүсэгтэн олон шашны зан
үйл үйлддэг дэлхийд зул өргөдөг гурван уулын нэг юм. Далайн түвшнээс дээш 2143м
өндөрт өргөгдсөн. 1965 онд анх дархан газар болгосон байдаг. 1995 онд байгалийн
дурсгалт газрын ангиллаар 1.8 мян.га талбай бүхий газрыг улсын тусгай
хамгаалалтад авчээ.
Тусгай хамгаалалттай газар нутгаар аялахдаа
дараах зүйлсийг анхаарна уу!
- Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ил гал түлэхгүй байх
- Хогоо уутанд хийж авч явах
- Зэрлэг ан амьтадыг үргээж цочоохоос болгоомжлох
- Гол горхины усанд саван болон бусад химийн найрлагатай зүйл ашиглан угаал
үйлдэхийг цээрлэх
- Автомашин болон бусад эд зүйлээ угаахгүй байх
- Загас барихад байгаль хамгаалагчаас зөвшөөрлийн бичиг авах
- Байгаль хамгаалагчийн зүгээс тавьсан шаардлагыг биелүүлэх
- Зөвхөн зөвшөөрөгдсөн газар бууж хоноглох, майхан барих
- Машинаар зорчихдоо бэлчээр нутаг, хөрс хамгаалах үүднээс зөвхөн замаар
зорчих
- Нутгийн иргэдийн зан заншил, дэг жаягийг хүндлэх
Хаяг: Архангай аймаг,
Эрдэнэбулган сумын 3-р баг, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын
хамгаалалтын захиргаа
Утас: 7033-3576,
7033-3179
Факс: 7033-3576
E-mail: khangai_nuruu@yahoo.com