Сарнайн овогт багтана. Зуувандуу дөрвөлжин хэлбэрийн гурвалсан навчтай, олон наст өвслөг ургамал. Хэнтий, Хангай, Хянганы уулсын шинэсэн ой, нуга бүхий ам энгэрээр ургана. Хан хөхийн нурууны их ар, Шажингийн даваа, Дээд улаан энгэр, Хужирт, Хар цагаан усны эх, Улаан энгэр зэрэг газруудад элбэг тохиолдоно. 5-6 дугаар сард цэцэглэж, 7 дугаар сард жимс нь боловсордог.
Гүзээлзгэнийг өглөө шүүдэр эгшсэний дараа, эсвэл үдэш шүүдэр унахаас өмнө түүдэг. Найрлаганд нь глюкоз 2.4-3.3 хувь, фруктоз 2.6-3.8 хувь, сахар 0.2-0.8 хувь, органик хүчил 0.8-1.3 хувь, идээлэх бодис 0.2 хувь, магни, төмөр, фосфор, кальц, С аминдэм, В1, В2, В7, В9, К, Pi гликозид агуулдаг. Шүүсийг боловсорч гүйцсэн жимс, эсвэл навчнаас нь бэлдэж болно. Цус багадалт, цөсний чулуужилтын бактерийг устгах, цэр ховхлох, шархны эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор шүүсийг нь цайны халбагаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ. Идээ шүүстэй шархан дээр шүүсээр нь шавшлага хийх, гоо сайхны эмчилгээнд сэвх толбо арилгахад хэрэглэдэг. Жимсээр нь чанамал, кисель, ундаа шүүс, мөхөөлдөс, сүмс, чихрийн чөмөг, дарс зэрэг бүтээгдэхүүн хийж хүнсэнд ашиглана.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.