Монгол оронд Дагуурын долоогоно, Час улаан долоогоно гэсэн 2 зүйл ургадаг. Хэнтий, Хангай, Дорнод Монголын бүсэд голын хөндий, хусан төгөл, ойн захаар ургадаг. 2-4 сантиметр урт, 3 миллиметр бүдүүн өргөстэй, 4-6 метр өндөр сөөгөнд ургадаг бөгөөд хүйтэнд тэсвэртэй, хөрс голдоггүй. Найлзуур нь гялгар улаан хүрэн өнгөтэй. Жижиг цагаан өнгийн цэцэгтэй бөгөөд 5-6 дугаар сард цэцэглэж, 8-9 дүгээр сард бөөрөнхий эсвэл өндөг шиг зууван олон жимс боловсордог.
Найрлаганд нь С, Е аминдэмүүд, шар луувангийн эд элбэг агуулагддаг байна. Долоогоно жимсийг түүнгүүтээ шүүс болон зөөлөн эдийг нь шахан авч чанамал хийхээс гадна талхны зуурмагт хольж амт оруулдаг. Өндөр настай хүмүүс долоогоно оролцсон бүтээгдэхүүнийг байнга хэрэглэвэл хоолны дуршлыг сайжруулж, унтах нойрыг сайжруулж, яс болон цусны кальцыг хэвээр хадгалж, артерийн судас хатуурахаас сэргийлж өгдөг. Бие махбодын дархлааг нэмэгдүүлж, гэдэсийг маш сайн цэвэрлэдэг, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, титэм судасны урсгалыг нэмэгдүүлдэг, цусны даралтыг бууруулдаг, цусны судсыг зөөлрүүлдэг, шээс гадагшлуулдаг, хоолны шингэцийг сайжруулдаг, хорт хавдрын нянгийн өсөлтийг хязгаарладаг, цусыг идэвхжүүлдэг, хөгшрөлтийг удаашруулдаг зэрэг эмчилгээний ач холбогдолтой.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.