Хөвсгөл, Хангай, Хэнтий, Хянганы уулс, Ховд, Говь-Алтайн уулсын шинэсэн, гацуур ба шинэсэн ой, хусан ой, тэдгээрийн зах, ойн цоорхой, сөөгөн ширэнгэ, гол горхины эрэг, нуранги хад асгатай газар ургадаг. Өвөрмөц содон үнэртэй, 0.5-2 метр өндөр сөөгөнд ургадаг. 5-6 дугаар сард цэцэглэж, 7-8 дугаар сард бараан ягаан, өтгөн хүрэн өнгийн жимс боловсордог. Сахар 13 хувь, хүчил 3 хувь агуулагдахаас гадна кали, натри, кальци, магни, төмөр, марганц, фосфор зэргийг агуулдаг. Судлаачид үхрийн нүдэнд эфирийн тос байгааг тогтоохын хамт С аминдэм нь харьцангуй тогтвортой, ургалтын явцад задарч арилдаггүй онцлогтойг илрүүлсэн байна. Мөн навчинд нь байх С аминдэм бусад жимснийхээс их байгааг тогтоожээ. Японы эрдэмтэд үхрийн нүдэнд антоцианин хэмээх бодис ихээр агуулагдаж буйг нотолсон бөгөөд энэ нь бусад жимснээс хамаагүй давуу чанартай гэнэ. Энэхүү бодис нь шулуун гэдэсний хорт хавдрын өсөлтийг удаашруулж, зүрх болон насны доройтолтой холбоотой өвчнөөс сэргийлэх, таргалалт, чихрийн шижин зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ач тустай ажээ. Эрдэмтэд улаан, гүн улаан, улаан хүрэн өнгийн жимсэнд антиоксидант шинж чанар илүү бүрэлдсэн байдгийг нотолсон бөгөөд үхрийн нүдэнд байх энэ шинж чанар нь түүний найрлаганд байх полифенол, антоцианинаас шалтгаалах ажээ.
Антицианин гэж юу вэ. Флавнойд гэж нэрлэдэг, усанд уусдаг ургамлын будагч бодис бүхий пигмент юм. Эдгээр пигмент нь антиоксидантын үйлчлэлийг хүчтэй үзүүлж ургамлыг нарны туяанаас хамгаалах нөлөөтэй байдаг байна. Японы Цукуба их сургуулийн эрдэмтэд компъютортой холбоотой үүсэх нүдний үрэвслээс сэргийлэхийн тулд үхрийн нүдийг хэрэглэж болох талаар хэд хэдэн туршилтыг амжилттай хийжээ. Мөн Шинэ Зеландын ургамал судлал ба хүнсний эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд полифенол, антоцианин хэмээх эдгээр бодис нь хүний тархины эд эсийг хэт исэлдэхээс хамгаалж байдгийг нотолсон байна. Монголчууд үхрийн нүдийг уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирэхдээ навч жимсийг ашиглажээ. Чийг бамын өвчин, С аминдэмийн дутмагшил, хөлс, шээс хөөх, гүйлгэлтийг зогсоох үйлчилгээтэй. Ханд бэлтгэхдээ навчийг сайтар хатааж нунтаглаад хагас литр усанд 25 грамм хийж буцалгаад хэдэн цаг идээшүүлсний дараа 100 миллилитрээр өдөрт 4-5 удаа ууж дээр дурьдсан өвчнүүдийг эдгээж болно. Мөн жимсээр ханд хийж болох бөгөөд хэт хатаавал найрлагаа алдах тул хатаахдаа анхаарна. Хоолой сөөх, хий ханиалгах үед зөгийн балтай хамт хэрэглэж болно.
Эх сурвалж: Монгол орны лавлах