ХУС МОД

Монгол орны навчит модны дотроос хамгийн их тархацтай бөгөөд нийт 12 зүйл хус ургадаг. Ойн нөөцийн 20 орчим хувийг эзэлдэг байна. Хэнтийн нурууны баруун хэсэг, Ерөө голын сав газрын дунд ба адгаар элбэг тархсан байдаг. 13-18 метр өндөр ургаж, 50-60 жил насалдаг. Навч нь өргөн, өндгөрхүү, захаараа хөрөө шиг жижиг шүдлэг хэлбэртэй. Холтос нь цагаан, үйсний дотор тал нь хүрэн улаан өнгөтэй. Эр цэцгийн молцог нь хавар эрт задран унжих бөгөөд унамтгай байдаг бол эм цэцгийн молцог нь босоо богино хатуу байдаг. Молцог нь 5 сарын эхээр цэцэглэж, 7 сарын сүүлчээр боловсорч дуусна. Чийглэг хөрсөнд, цаг уурын эрс тэс нөхцөлд зохицон ургах чадвартай. Хус мод нь шилмүүст ойн огтолсон болон түймэрт шатсан газарт хурдан ургадаг онцлогтой. Үрээр ургана. Залуу зулзаган хус туяхан иштэй, мөчир цөөнтэй, суурь муутай тул төгөл маягаар ургуулахад тохиромжтой. Хус бол нягт ширхэгтэй хүнд мод боловч модлог нь зөөлөн байдаг.

Хамгийн их даацтай хэсгүүд болох тэрэгний гол, арал, гуя, сүх жоотууны иш, зэлний гадас зэргийг хийнэ. Зөөлөн модлогоор нь фанер, гэрийн модон эдлэл, цана хийдэг. Мөн модлогоос нь цууны хүчил, модны спирт, нүүрс, техникийн тос, эмийн бодис зэргийг гарган авдаг. Хавар болохоор хүмүүс ядаргаагаа тайлах, үе мөчний өвчнөө анагаах, бөөр давсагныхаа нянг устгах зорилгоор хусыг нүхлэн сав суулга дүүжлэн 5-10 литр хүртэл шүүсийг нь юүлж авдаг. Хусны шүүсийг авч хэрэглэхдээ хадаас юмуу өрмөөр цоолоод гуурс хийж авч хэрэглэнэ. Авсны дараа модон шаантагаар таглах хэрэгтэй. 5 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 5-ын хооронд авах бөгөөд 1 модноос 10 литрээс илүү авч болохгүй. Хусны шүүсийг хонуулж болдоггүй бөгөөд өдөрт нь уух ёстой байдаг. Хонуулчихвал тунадас үүсээд хэрэгтэй чанараа алддаг байна. Хус мод навчнууддаа шүүсээ эрчтэйгээр дээш урсган өгдөг онцлогтой. Хэдийгээр хусны шүүс хүний биед хэрэгтэй ч авч буй хүмүүсийн ухамсар доройгоос болж хус мод шүүс чийггүй болж хатаж өгөршин 50, 60 жил наслах нь битгий хэл 20 жил ч хүрэхгүй үхдэг байна. Хүмүүс хусны шүүсийг авахдаа өрөмдөж биш өөр бусад муйхар аргаар нүхэлдэг, буцааж тагладаггүй, таарч тохирсон таглаа хийхгүй завсар зай гаргадагаас болж чийгээ гадагш алдан сүйрдэг байна. Өөр бас нэгэн шалтгаан нь сүүлийн үед хятад савхны хэрэглээ нэмэгдсэнээс үүдэлтэйгээр хус мод үй олноороо байхгүй болж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Мандал, Бугант тосгонуудад савхны үйлдвэр ажиллаж зогсоо зайгүй залуу хусыг унагаж байна. Нас гүйцсэн хөгшин хуснууд тун амархан өмхөрч модлог чанар нь мууддаг тул савх хийхэд тохиромжгүй байдаг гэнэ. Бас галд өртсөн, салхинд унасан хусаар савх хийж болохгүй гэнэ. Тийм учраас голдуу 20-25 настай, 10 гаруй метр өндөр залуу хуснуудыг шилж унаган савх болгодог байна. Тэдгээр тосгонд буй үйлдвэрүүд нь нутгийнхны хууль бусааар огтолж ирсэн хус моднуудыг хямд аваад савхны бэлдэц болгоод 100 хувь хятад руу экспортолдог байна. 500 шоо метр хуснаас 1 вагон савх гардаг гэсэн тооцоо бий. Мах гурил хавчин идэхийн тулд ийнхүү хамаг хус модоо барж байдаг байна. Засгийн газраас 2006 онд хус модны нөөцийг хамгаалахын тулд огтлолын бэлтгэлийн дээд хязгаарыг тогтоон өмнөх онуудаас бууруулсан боловч энэ шийдвэр тэр бүр хэрэгжихгүй, хяналт шалгалт ч хийгдэхгүй, бас л нөгөө хятадтай холбоотой бизнес учраас хуулийг гууль болгоод суудаг бололтой.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0