10. МОНГОЛ ОРНЫ УРГАМАЛ

ОЙН НАРС

Гуалин банз бэлтгэдэг гол түүхий эд бол нарс. Нарс нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаас гаралтай мод юм. Мөнх ногоон, давирхайтай, дунджаар 30-40 метр өндөр ургаж, 100-1000 хүртэл жил насална.  Латин нэр нь “Pinus” бөгөөд хад хясаа гэсэн утгыг илэрхийлдэг. Нарс мод хоосон, үржил шимгүй хөрс шороо, тэр ч байтугай хад хясаан дээр хүртэл ургаж чаддаг. Мөчир нь их биенээсээ сайтар тусгаарлагдан ургадаг. Үндэс нь хааш хаашаа маш их тэлж ургадаг учраас шим тэжээлээ хангалттай олж авч чаддаг. Залуу нарсны оройн хэлбэр конус хэлбэртэй байдаг бөгөөд наслах тусам бөмбөгөр болж дугуй шүхэр хэлбэртэй болдог. Их биений доод хэсгийн холтос нь улаан хүрэн өнгөтэй, дээд хэсгийн мөчрүүд нь алтан шаргал байдаг.

Нарсны навч нь торгомсог бөгөөд гэрлийг доош нь сайн нэвтрүүлдэг. Тийм учраас нарсан ой их гэрэл гэгээтэй байдаг байна. Хос хүйстэй ба эр эм боргоцойтой байдаг. Эр боргоцой нь 1-5 сантиметр бөгөөд хавар богино хугацаанд урган тоос хүртэлтийн дараа унадаг. Харин эм боргоцой нь тоос хүртэлтийн дараа 1.5-3 жилийн дотор боловсорч гүйцэх бөгөөд 3-60 хүртэл сантиметр хэмжээтэй болтол өсдөг. Тоос хүртэлт нь салхи болон зарим шувуугаар дамжин тархдаг байна. Нарс бол байгалийн аясаар нөхөн сэргэдэг онцлогтой мод юм. Нэг га талбайд 3000 суулгацыг тариалах боломжтой. Үүний 80 хувь нь ургаж өсдөг байна. Зөөлөн, өнгөлөг, яр багатай, хөнгөн байдаг учраас нарсаар гэр ахуйн эдлэл, авдар сав, шүүгээ сандал хийдэг. Харин бусад улс оронд нарсаар усан онгоцны гол мод, байшин барилгын хана туурга, газрын гүний уурхайн бэхлэлт, цахилгаан дамжуулах багана мод, тавилга зэргийг хийж ирсэн. Модноос нь цаас, хиймэл арьс, торго, давирхайнаас нь шүүс гаргаж авдаг. Мөн тэдгээрээс төрөл бүрийн лак, будаг, эм тан зэргийг үйлдвэрийн аргаар боловсруулдаг. Шилмүүснээс нь амин дэмүүд гаргаж авна. Нарс нь агаарыг төрөл бүрийн нянгаас цэвэрлэж өгдөг. Хамгийн намхан нь Сибирийн давжаа нарс юм.


Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0