ЗҮҮНГАРЫН ГОЁО - УЛААН ГОЁО

Нутгийнхан “Говийн шидэт ургамал” гэж нэрлэдэг энэхүү ургамал нь улаан, цагаан гэсэн хоёр төрөл ургадаг. Цагаан гоёог  “цөлийн аргамжин цэцэг” гэдэг бөгөөд энэ ургамал говийн экосистемийн тэнцвэрийг хадгалахад ихээхэн үүрэгтэй. Улаан гоёог “зүүнгарын гоёо” гэх бөгөөд их нууруудын хонхор, марз, хужиртай хотгор, харгана, хармаг, сухай, бударганатай говь цөлийн элсэрхэг газарт бусад бут, сөөг ургамлын үндэс дээр амьдардаг шимэгч ургамал юм. Их нууруудын хотгор, Олон нуур, Говь-Алтай, Дорноговийн тойрогт тохиолдоно. Үр болон вегетатив эрхтнээр үрждэг. Гоёо заг мод байгаа газарт ургана.

Гоёог гаднаас нь харахад навч нахиа ч үгүй, элсэнд зориуд зоочихсон мэт харагддаг учраас ургамал цэцэг гэхэд хэцүү. Харахад царай муутай ч “гоёо” нэрэндээ дүйцсэн гайхамшигтай ургамал юм. Иш нь бүдүүн зөөлөн эдээс тогтоно. Зүсэж үзвэл дотроо цагаан эдийг агуулж, сүү шиг шүүсийг ялгаруулна. Нэг дор ихэвчлэн 2-4-үүлээ ургадаг. Заримдаа 10-аад гоёо нэг дор ургасан байх нь таарна. Үүнийг “гоёоны уурхай” гэнэ. Ид ургаж байхдаа хөх ягаан өнгөтэй, 30-40 сантиметр урт шилбэтэй, баг цэцэг ургадаг. Газар дор олон салаалсан үндсийг нь “зэл” гэх бөгөөд гоёо түүхдээ зэлийг нь тасалж болохгүй. Дөнгөж ургаж байх үедээ газрын хөрснөөс цухуйдаггүй байна. Ийм үеийг нь “бэлцрүүт” гэж нэрлэдэг. Эмчилгээний өндөр чанартай, ховордож буй тул түүж бэлтгэхийг хориглон, “Улаан ном”-д бүртгэжээ. Цусны даралт ихдэх, чихрийн шижин, мэдрэлийн хэрлэг өвчин, толгой өвдөх, дүйрэх, үе мөч өвдөх, элэг бөөрний үрэвсэл, давсагны хүүдийн ханын үрэвсэлыг анагаах шидтэй. Цус төлжүүлэх онцгой чадвартай учир говийнхон “залуужуулах шидтэй” гэж ярих нь ч бий.  Түүнчлэн өтгөн хатах, ходоод цанхайх, өвдөг, бөөр, нуруу шархиран өвдөх өвчнийг засах, бэлгийн чалх сайжруулах зорилгоор ардын эмнэлэгт ашиглаж иржээ. Мөн анагаах сударт гоёог сэтгэлийн түгшүүр арилгах, уур уцаар тайлах, арьсны өвчнөөс хайрст үлдийг анагаах, ходоодны хүчил ихтэй хүмүүс хатаасан гоёо зажилбал сайн, жирэмсэн эмэгтэйчүүд болон цөсний сөргөө өвчтэй хүмүүс гоёог хатааж, маш бага хэмжээгээр зажлахад цээж хорсох зовиур арилдаг гэх мэтээр тэмдэглэжээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0