Баширтан овогт хамаарах энэ цэцэг нь Монгол оронд Алаг башир, Гоё башир, Жавхаалаг башир гэх мэт 5 зүйл бий. Нутгийнхан Хадаасан цэцэг, Согоо суман, Юмдүүжин гэх мэтээр нутгийн хүмүүс нэрлэнэ. Хөвсгөл, Хэнтий, Ховд, Говь- Алтай, Монгол Дагуур, Хянган, Монгол Алтай, Дорнод Монгол, Дундговь, Төв аймгийн нутгаар тархаж тэгш тал газар, хайргархаг хээржүү газар ургадаг олон наст өвслөг ургамал. Үндэс нь бүдүүн, түүнээс цэцэгт олон иш гардаг. Иш нь 10-35 сантиметр өндөр, эгц босоо, салаархаг, навч руугаа богино, хатуу үсэнцэртэй эсвэл нүцгэн ургана. Навч нь 3-5 сантиметр урт, 2-7 миллиметр өргөн, нарийн шугамархуу хурц. 7-8 дугаар сард цэцэглэж үрлэнэ. Цэцгийн дээд тал нь улаан ягаан, доод тал нь ногоовтор, захаараа шүдлэг хэлбэртэй. Цэцгийн гадна талын хайрс шөвөг адил шовх үзүүртэй. Алаг башир, Жавхаалаг башир нь эмийн гоц ашигтай ургамалд тооцогдоно. Флавонойд, сапонин, алкалиод, С аминдэм, кумарин агуулсан байдаг. Эмэгтэйчүүдийн энэлгэн өвтгөхөд тустай. Нярайлсны дараа эхэс шавхарга гадагшлуулах, эндсэн хүүхдийг гаргах, шээс хаагдах, шээсний сүвийн халуун үрэвсэл, өндгөвчний цэврүү, цустай шээх, шээсний сүвэнд чулуу үүсэх, хаван, биений юм хаагдах, хорт хавдар, нүдэнд цагаа унах, шулуун гэдэсний хорт хавдар зэрэг өвчнийг засахад сайн. Аргаль, янгир зэрэг шархадсан ан амьтад Башир цэцгийг ихээр идэж хооллон цусаа тогтоодог болохыг анчид ажиглаж мэджээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах