ХУШ МОД

Нарсныхан овгийн шилмүүст мод, жодоотой тун төстэй. Гималайн нурууны хойд хэсэг, Газар дундын тэнгисийн хавийн нутгуудаас гаралтай. Далайн төвшнөөс дээш 100-3200 хүртэл метрийн өндөрт ургадаг, хүйтэнд тэсвэртэй мод юм. Дэлхийн хуш модны 90 хувь нь Сибирийн ойд ургадаг. 26-30 метр өндөр өсөж, дунджаар 140-170 жил хүртэл насална. Хушны сайрыг хүнс тэжээлд, шилмүүс давирхайг нь анагаах ухаанд хэрэглэдэг. Давирхай ихтэй тул сав суулга хийхэд тохиромжгүй байдаг. Хуш нь нэг төрлийн ширхэгтэй, эдэлгээ даадаг, удах тусмаа бөх болдог учраас нарийн мужааны ажилд гол материал болгон ашигладаг. Ялангуяа модон сийлбэрт их хэрэглэгддэг. Хушны самар нь өөх тос, цардуул, уураг, пентазан зэрэг олон төрлийн хүчил агуулдаг тослог идээ юм. Хушны самрыг түүж бэлтгэн шинээр нь хуурч хэрэглэхийн зэрэгцээ тосыг нь шахаж ариутган хүнсний, эмийн болон тансаг үнэртний зориулалтаар боловсруулан хэрэглэдэг. Гэвч сүүлийн үед хушны самрын үрийг газарт унагалгүй түүн авч байгаа нь байгаль орчин сүйдэх шалтгаан болж байна. Самар түүгсэд ихэссэнээс болж хэрэмнээс эхлэн ойн амьтад дайжиж зугтдаг болжээ. Хэрэмний сагсгар сүүл, амьтны үс ноосоор дамжин модны үр тоос хүртэх, амьдран ургах таатай орчноо олдог байна. Хуш мод доод тал нь 50 жил болж байж сая боргоцой ургаж үрээ өгөх чадвартай болдог.  Гэвч хэдэн сая үрнээс зөвхөн нэг нь л ургаж мод болдог байна.

Мөнх ногоон болсон домог нь: Урьд нэгэн цагт сайн санаат хараацай шувуу хүнийг үхэлгүй мөнхийн залуу болгохын тулд мөнхийн рашаан ус олоод хэдэн дуслыг амандаа балгаад нисэж явав гэнэ. Гэтэл хорт муу санаатай хэдгэнэ үүнийг мэдээд хараацайг нисэн явах зуурт часхийтэл хатгаж орхижээ. Хараацай шувуу өвдөхийн эрхээр дуу тавин ёолоод аман дахь мөнхийн усаа асгаж орхисонд тэр нь нарс, хуш, аньс гурав дээр дуссан учир энэ гурван ургамал мөнх ногоон навчтай болсон гэнэ. Хамаг хэрэг нь талаар болсон учир хараацай шувуу харуусахдаа хэдгэний хэлийг суга татжээ. Тэр цагаас хойш хэдгэнэ уянгатай сайхан донгодож чадахаа болиод дэмий л дүнгэнэдэг болсон гэнэ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0