АНЬС

Монгол орны Хангайн бүсэд шилмүүст ба холимог ойд ургадаг бөгөөд зарим нутагт алирс гэж нэрлэх нь бий. Аньс нь жижиг хатуу хар ногоон өнгийн навчтай, үр жимс нь 4-10 миллиметрийн голчтой бөөрөнхий хэлбэртэй, тод улаан өнгөтэй шүүслэг, исгэлэн амттай. Жимс нь 8 дугаар сарын сүүлчээр бүрэн боловсордог. Аньсны жимсгэнэд төрөл бүрийн амин хүчлүүд, тухайлбал нимбэг, алим, хурган чих, чихэрлэгийн хүчлээс гадна бензойны хүчил, шоргоолжны хүчил, ликонин, вакинин, идеинхлорид, зеаксатин зэрэг гликозидууд каротин, сахар, глюкоз, фруктоз, С, РР, В1 амин дэмүүд, кали, кальци, марганц төмөр, идээлэх бодис, йод, фосфор, магни  зэрэг эрдсүүд агуулагддаг. Харин навчинд нь төрөл бүрийн бичил элемент, органик хүчлээс гадна С амин дэм их хэмжээтэй байдаг. Аньсны жимсгэнэд бензойны хүчил бусад жимсгэнээс их байдаг тул ялзарч муудахаас сэргийлэн удаан хадгалахад тохиромжтой байдаг.

Навчийг даавуун буюу цаасан уутанд түүж нарны шууд тусгалаас хол, салхи нэвт үлээдэг газар тусгай тавиур дээр тавьж хатаана. Навчийг намар орой түүн авч хатаадаг бөгөөд зуны халуун улиралд түүсэн навч хатахаараа харладаг. Ийм харласан навч нь өвчин анагаах чанараа алдсан байдаг тул эмчилгээний зорилгоор хэрэглэж болохгүй. Аньсны навчийг хатааж хандлах, идээшүүлж хандлах, мөчрийг нь хатааж хандлах зэргээр уусмал бэлдэж эмчилгээнд хэрэглэнэ. Жимсээр нь шүүс, нухаш хийж эмчилгээнд өргөн ашигладаг. Мөн жимс навч хоёрыг холиод ханд бэлтгэж цай шиг өдөр тутам хэрэглэвэл сайн үр нөлөөтэй. Навчны хандыг хавагнах, уушиг бөөр давсагны үрэвсэл, бөөр чулуужих, амны хөндийн үрэвслүүд, шээсний сүвийн үрэвсэл, тулай, артрит, чийг бам, хүүхдийн шижин, цөсөнд чулуу үүссэн үед эмчилгээний журмаар хэрэглэнэ. Хандыг бэлдэхдээ 1 стакан буцалж буй усанд 1 цайны халбага хатааж нунтагласан навчаа хийгээд 30 минут хандалж хөргөөд цайны халбагаар өдөрт 3-4 удаа ууж хэрэглэнэ. Аньсны жимсгэнийг цусны даралт ихсэх, ходоодны хүчил багасах, ханиалгах, зүрхээр огцом хатгуулах өвчинд хэрэглэнэ. Жимсгэний ханд нь амны цангааг сайн гаргах ба халуурах үед уухад халуун бууруулдаг ажээ. Аньсны жимсэнд төрөл бүрийн органик хүчил элбэг байдаг тул цөс өтгөрөх, цөсний хүүдийн үрэвсэлт өвчин, ходоодны шархтай хүмүүс хэрэглэхэд тохиромжгүй.

Эх сурвалж: Монгол орны лавлах


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0