ОДОЙ САРААНА

Сараантаны овогт багтах цэцэг бөгөөд Одой сараана, Нарийн навчит сараана, Намхан сараана, Улаан сараана, Цагаан төмс гэх мэтээр нэрлэгддэг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Дундад халх, Дорнод Монгол, Ховд зэрэг нутгаар тархсан. Уулын хээр, ойт хээрийн бүслүүрт ээвэр энгэр, нугархаг хажуу, нарсан ойн зах, заримдаа элсэрхэг хөрс, байц цохионд ургана. Сонгинолог болцуу 3-4 сантиметр урт, цагаан өндгөн хэлбэртэй, хальслаг саарал бүрхүүлтэй олон наст ургамал.

Иш нь 20-60 сантиметр өндөр, нарийхан. Навч нь 3-10 сантиметр урт, 1-3 миллиметр өргөн, цувраа, дотогш шамарсан ирмэгтэй, ишний дунд хэсэгт олноороо байрладаг. Цэцэг нь тод улаан өнгөтэй, доош унжсан байдалтай, 2-6 дэлбээний үзүүр нь гэдрэг эргэж дугирагласан. Хүнс, чимэглэлийн зориулалтаар ашигладаг. Үндэс нь сармисны хумс шиг салдаг ба түүнийг сүүнд чанаж иддэг. Хамраас цус гоожих, эмэгтэй хүний доош цус алдах үед, улаан цэцгийг нь буцалгаж хандлан эмийн журмаар хэрэглэвэл зогсдог байна. Хорхой шавьж, зөгий, эрвээхэй их цуглардаг.

 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0