ЯРГУЙ

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу сэрүүн бүсэд ургадаг нийт 35 зүйлийн яргуй байдгаас Монгол оронд 6 зүйл бий. Нийт нутгаар тархан ургахдаа энд тэндхийн жалга хөндийг сонгон ургана. Тав нь хөх цэцэгтэй, нэг нь шар цэцэгтэй боловч хоорондоо ялгарах онцлог байдаггүй байна. Хавар хамгийн түрүүнд цэцэглэж, малд ашиг шимээ өгдөг тустай ажээ. Учир нь хаврын сульдсан малыг тэнхрүүлэхэд яргуй их нөлөөтэй. Хөрсний гадаргуу өдөртөө 5 хэм, шөнөдөө 0 хэм болсон үед яргуй ургах нөхцөл бүрэлддэг бөгөөд бусад цэцэгсийн дундаас үнэр амтаараа ялгарна. Цэцэг нь 5-10 хоногийн настай байдаг. Түээмэл ургадаг Ээдрээт яргуй нь элсэрхэг хөрсөнд ургадаг бол Хөх яргуй нь чулуурхаг хайргатай газар ургана. Харин Турчаниновын яргуй нь ойн цоорхойд ургах нь элбэг байна.

Яргуй цэцэг богино хугацаанд цэцэглээд унадаг боловч хур бороо элбэгтэй зун намар дахин дэлбээлдэг байна. Үүнийг хүмүүс “хэнз яргуй” хэмээнэ. Эртнээс нааш Монголчууд Яргуйг арьсны янз бүрийн шарх, үрэвсэлт өвчний үед хэрэглэж ирсэн байна. Аливаа хор тайлах, хавдар хариулах, хүний биеийн хэм барих, булчирхайн сүрьеэ, шамбарам зэргийг эдгээх, ходоодны галын илчийг сайжруулж тамир тэнхээ оруулах, шар усны өвчнийг хатаах зэрэгт тустай ажээ. Дэлбээг нь цэцэглэж байх үед нь эмчилгээний журмаар хэрэглэвэл цусны даралт буурдаг.

Яргуйн хандаар малын хошууг арчиж тэнд байх элдэв бактерийг устгана.  Ямааны хамгийн дуртай хоол нь Хөх яргуй бөгөөд яг л “кимчи” шиг халуун байдаг байна. Монголчууд хавар яргуй идэж ходоодны орчноо өөрчилдөг боловч хүн бүр хамаагүй идэж болохгүй. 40-өөс дээш настай бол өдөрт нэг нэгээр нь 10 өдөр дараалан идэх хэрэгтэй байдаг байна. Нэг доор олноор нь идэж болохгүй бөгөөд эм биш хор болох ажээ. Гэвч ходоод гэдэсний өвчтэй хүн идэж хэрэглэж болохгүй юм байна. Зарим хүмүүс “Яргуй идсэн ямаа юмуу гөрөөсний цус ууна” хэмээн төхөөрөх нь бий. Бор гөрөөс хамгийн түрүүнд яргуй идэж, их идсэнээс болж мансуурч согтдог байна. Тэр үед нь цусыг нь уувал сайн хэмээн туйлширдаг. Аливаа амьтан хачиганд баригдаж бруцеллозоор өвчлөх нь бий. Тийм учраас халдвар авахаас сэргийлж болгоомжтой байх хэрэгтэй юм. Түүний оронд ишиглээгүй эм хүйсний борлог, зусаг ямаа төхөөрч цусыг нь уух юмуу махыг нь идвэл илүү сайн ажээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0