ЧИХЭР ӨВС

Буурцагтны овогт багтах чухал эмийн ургамал. Дэлхий дээр нийт 13 зүйл ургадаг, түүний 5 зүйл нь Монголд ургах бөгөөд Урал чихэр өвс илүү тааралдана. Хээр, цөлөрхөг хээрийн бүсэд ус чийг ихтэй элсэрхэг ба шаварлаг хөрсөнд зурвас үүсгэнэ. Эмийн түүхий эд болох үндэс нь газар доор маш бүдүүн урт ургадаг. Монгол орны 15 аймгийн 65 сумын нутагт 100 гаруй цэгт ургадаг болохыг судлаачид тогтоожээ. Сонирхолтой нь Баянхонгор аймгийн газар нутгийн 75 хувьд нь чихэр өвс ургадаг байна. Олон наст ургамал бөгөөд маш хүчирхэг үндэсний системтэй тул элсийг тогтоон баригч үнэт ургамал юм. Ихэвчлэн сийрэг, элсэрхэг хөрсөнд гүн үндэслэж ургах учир говийн чихэр өвс хангайн чихэр өвснөөс илүү ургацтай байдаг. Үр болон үндэслэг ишээрээ ургах боломжтой, ган гачигт тэсвэртэй, элсэн довцог үүсгэж ургадаг. 6-7 дугаар сарын хооронд цэцэглэж, 9-10 дугаар сард боловсорч гүйцдэг. Өдлөг, гялтганасан хар ногоон навчтай, хөх ягаандуу багц цэцэгтэй, өвдөг давж өндөр ургадаг. Үндэс нь чихэрлэг амттай учир чихэр өвс гэж нэрлэгдэх болжээ.

Чихэр өвс бол хүнс, техникийн ихээхэн ач холбогдолтой. Найрлагандаа тритерпент сапонин буюу глицириззиний хүчил, флавонойдууд,  гликозидтой төстэй бодисыг нэлээн хэмжээгээр агуулдаг. Ханиалга дарах, цэр ховхлох, туулгах, уушиг, цээжний өвчинг дарах, шээс хөөх, харшил эсэргүүцэх, хавдар бууруулах, шарх эдгэрүүлэх, үрэвсэл намдаах чиглэлийн янз бүрийн эм бэлдмэл хийхэд тохиромжтой. Мөн хүнсний үйлдвэрт зөөлрүүлэх, хөөлгөх, амт оруулах, жимсний ус, шар айрагны үйлдвэрт хөөсрүүлэгч хийхэд чухал материал болдог. Бас будаг савангийн үйлдвэрийн чухал түүхий эд бөгөөд галын хорны хөөсрүүлэгч бодис гаргах, дуу үл нэвтрүүлэх картон цаас хийх зэргээр энэ ургамлыг үйлдвэрлэлийн 20 гаруй салбарт ашигладаг. Чихэр өвсний хөрсөн дээрхи хэсэг нь тэжээлийн бодис болох протейн уураг 13.7-22 хувь агуулагддаг тул малын тэжээл болгон ашиглахад тохиромжтой. Гэвч сүүлийн үед энэхүү ургамал нь маш их ховордож байгаа ажээ. Газрын доод хэсгийг ухаж авдаг учраас нөхөн төлжихөд хүндрэлтэй, нөөцийн хувьд хялбархан доройтож болох ургамал юм.

Их нууруудын хөндийд байх чихэр өвсний ширэнгэнд 11-ээс дээш насны чихэр өвс 70 хувь, 4-10 настай 20 хувь, 1-3 настай нь 10 хувийг эзэлж байгаа судалгааны үр дүн гарсан нь тус ширэнгэ хөгширч байгааг харуулж байгаа ажээ. Ийм учраас чихэр өвсийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудал чухал юм. Хүн төрөлхтөн 4000 жилийн өмнөөс чихэр өвсийг хэрэглэж иржээ. Дорно дахины анагаах ухаанд чихэр өвсийг нунтаг, өтгөн хуурай, ханд, шүүс хэлбэрээр өргөн хэрэглэдэг. Чихэр өвс нь Монголын уламжлалт анагаах ухаанд 60 гаруй тангийн найрлаганд ордог юм байна. Ардын хувьсгалаас өмнө Улиастай хотод чихэр өвсний үндсийг авдаг тусгай пүүс байсан бөгөөд Хятад худалдаачид авч байжээ. Хэдхэн жилийн өмнө элэгний архаг үрэвслийг эмчлэхэд өндөр ач холбогдолтой эмийг Японы эрдэмтэд чихэр өвснөөс гаргаж авчээ. Монголын “Бридж” групп Баянхонгор аймагт Монгол орны урал чихэр өвсийг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлж, 1500 га газарт тариалалт хийж байгаа бөгөөд хураан авсан ургацаа Японы “Cokey” компанид нийлүүлдэг юм байна.


Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0