ЧАЦАРГАНА

Монголын баруун хязгаар, Тэс, Завхан, Ховд, Булган голын хөндийд зэрлэг чацаргана ургадаг. Чацарганаар 200 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. 1978 онд хятадууд Монголоос үр авч өөрийн оронд тариалж эхэлсэн бөгөөд одоо дэлхийн нийт чацарганы 40 хувийг тариалдаг. Монголын зэрлэг чацаргана 1-2.5 метр өндөр олон тийш салбарлан мөчирлөсөн титэм бүхий сөөгөнд ургадаг. Холтос нь залуу үедээ мөнгөлөг цайвар, аажмаар хүрэн бор, бор саарал болж хувирдаг.  4-5 дугаар сард цэцэглэж, үр жимс нь 8-9 дүгээр сард анхилуун сайхан үнэртэй, шүүслэг жимсгэнэ болж боловсордог. Жимс нь бөөрөнхий, зууван хэлбэртэй,  тод улбар шар, улаан шар өнгөтэй, исгэлэн амттай, дотроо жижиг ястай байдаг.


Чацарганы жимсгэнэ Амин дэмийн маш баялаг эрдэнэс ажээ. Тухайлбал С, В1, В2, В6, В9, Р, К, Е амин дэм, каротин, фоли, алим хурган чихний хүчил, саахар, эрдэс давс, бусад органик бодисууд, төмөр, магни, марганц, титан зэрэг 15 бичил элемент их хэмжээгээр агуулагддаг. Бусад жимс жимсгэнээс ялгагдах гол онцлог нь түүнд тос байх бөгөөд эмчилгээний хамгийн чухал түүхий эд  болдог. Үр жимс нь намар 10 дугаар сарын сүүлч гэхэд бүрэн боловсорч хөлдөн дараа жилийн 3 дугаар сар хүртэл байдаг. Чацарганы жимсийг хөлдөөхөд амин дэм нь илүү сайн хадгалагддаг учир хатаадаггүй. Чацарганы нэг бутнаас 22-24 килограмм жимс хурааж авдаг. Нэг тонн чацарганаас 70 килограмм орчим цэвэр тос, 600 литр хүртэл цэвэр шүүс, 50 килограмм орчим амин дэмийн бэлдмэл, 200-250 литр дарс үйлдвэрлэж болох тооцоо бий.


Чацарганы эмчилгээний шинж чанар: Монголчууд эртнээс нааш чацарганыг ардын эмнэлэгт өвчин намдаах, биеийн чалх тамир тэнхээг сайжруулах, чийг бамын өвчнөөс сэргийлэх, амин дэмийн дутагдлыг нөхөх, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, шарх эдгээх, үрэвсэл дарах зэрэгт өргөн хэрэглэж иржээ. Ялангуяа түлэнхий, ходоод гэдэсний шарханд юугаар ч сольшгүй эм болдог. Чацарганаар хийсэн бүтээгдэхүүн цацрагт идэвхт туяаны хордлогоос хамгаалдаг. Чацарганы цэвэр тосыг түлэгдэлтэнд түрхэхэд төрөлх өнгө төрхөөрөө эдгэрдэг. Мөн судасны хана хатуурах, эмэгтэйчүүдийн савны амсрын шарх, урагдалт, амны хөндийн нян, хоолойны улайсалт, гайморит зэрэг өвчнийг анагаахад хэрэглэнэ. Чацарганы тос нь 37 хэм буюу хүний биеийн халуунтай ойролцоо байхад илүү сайн үйлчилдэг байна. Чацарганы тосыг бараан өнгөтэй лонхонд хийж сайтар таглаад сэрүүн харанхуй газарт хадгална.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0