• White-winged Snowfinch
    Цасны богшоодой
    Зургийг Мима Хисатоёо
  • Lesser Kestrel
    Зээрд шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
  • Eurasian Hoopoe
    Бөвөөлжин өвөөлж
    Зургийг Окамото Юкио
  • Demoiselle Crane
    Өвөгт тогируу
    Зургийг Ч.Буянбадрах
  • Pallas's Sandgrouse
    Монгол ногтруу
    Зургийг Мима Хисатоёо
  • Himalayan Griffon, Himalayan vulture
    Хималайн хажир
    Зургийг Окамото Юкио
  • Mongolian Ground Jay
    Монгол Хуланжороо
    Зургийг Ч.Буянбадрах
  • Ruddy Shelduck
    Хондон ангир
    Зургийг Ч.Буянбадрах
  • Little Owl
    Хотны бүгээхэй
    Зургийг Окамото Юкио
  • Amur Falcon
    Амарын шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
ТОО
0
0
0

9. МОНГОЛ ОРНЫ ШУВУУД

ХОТОН (БОРЦГОР ХОТОН)

БОРЦГОР ХОТОН

Lat: Pelecanus crispus Bruch, 1832

Баг. Хотонтон - Pelecaniformes

Овог. Хотонгийхон - Pelecanidae

Rus: Кудрявый пеликан

Eng: Dalmatian pelican

Jap: Haiiro-perikan (灰色ペリカン)

Статус: Нэн ховор зүйл. Дэлхийн байгаль хамгаалах холбоо (цаашид ДБХХ гэх)-ны Улаан дансны ангиллын шалгуураар “устаж байгаа” зүйлд хамаарна.

Таних шинж: Бие том‚ 170 см, 13 кг хүртэл жинтэй. Ерөнхий зүс цагаан. Хүчирхэг‚ урт‚ үзүүр тийш нарийссан өргөн хошуутай. Хошуун дороо шар сарьсан ууттай. Орооны үед цул сарьс улаан болж хувирна. Хэвэл цагаан‚ нуруу бор сааралдуу‚ дагз‚ шилний өд буржгар‚ хөх саарал. Нэгдүгээр зэргийн дэвүүрүүд хар. Зулзган хотонгийн хөл‚ хошуу-хар‚ дагз‚ шилний өд буржгардуу‚ нуруундаа хүрэндүү толбуудтай. Хүзүүгээ гэдрэг нугалж‚ далавчаа хүчтэй цөөн дэвэн ниснэ. Алдалсан далавч нь 160-180 сантиметр, өргөн богино сүүл нь 24 ширхэг өдтэй. Нас гүйцсэн хотонгийн хошууны урт 37-45 сантиметр хүрдэг байна. Богино хүчирхэг хөлөөрөө усанд сайн сэлдэг, сарьсан хальсаар холбогдсон дөрвөн хуруутай.

Тархац‚ байршил нутаг: Шар мөрний эхээс баруун зүгт Балканы хойг‚ Персийн булангаас Кустанай мужийн Хар нуур хүртэлх цөөхөн нуурт өндөглөнө. Ирак‚ Персийн булан‚ Египет‚ Энэтхэг‚ Хятадын зүүн өмнөт нутагт өвөлжинө. Монголд: Ховдын Хар ус нуурт өндөглөдөг. Нүүдлийнхээ үед Нууруудын хөндий‚ Завхан гол‚ Их нууруудын хотгорт тохиолдоно. Үржилд ороогүй бодгаль нь Увс, Хяргас, Баян‚ Өгий нуурт тааралдана. Загас‚ ургамал ихтэй томоохон нуур‚ голын адгаар өндөглөнө. Зэгс‚ тачирдуу ургамалтай усны шаваргүй эргээр амарна.

Амьдралын онцлог: Өвөлжсөн газраасаа IV сарын сүүл, V сарын эхээр нүүдэллэн ирнэ. Загастай, онгон зэлүүд том нуурын гүнзгий хоолойн эргээр тураг гогойнуудын хамт зэгсний нөмөр бараадан цуглаж, хатсан зэгс‚ өвсний‚ ишээр метр шахам өндөр‚ 70-аад см өргөн үүр засна. Гурван нас хүрч, үржилд орно. V сарын дундуур шаргалдуу туяатай‚ цагаан 89.6 x 58.7 мм хэмжээтэй 1-2, заримдаа 2-4 өндөг гаргана. Эмэгчин өндгөө дарж, дөчөөд хоносны дараа өдгүй‚ нүдээ нээгээгүй ангаахай гарч, арваад хоногийн дараа цагаан ноолуур өдөөр хучигдан, усанд сэлэх чадвартай болно. Ангаахайг нялхад хагас боловсруулсан загас, томорсон хойно бүтэн загасаар тэжээнэ. Ангаахай дал гаруй хоног болоод нисч эхэлнэ. Энэ үеэс хотонгийн бүлүүд сүрэглэж, загас элбэгтэй нуураар X сар гартал хэсүүчилсээр, өвөлжих газрын зүгт нүүнэ.

Тоо толгой‚ хомсдох шалтгаан: Дэлхийд 3200-4300 хотон бий. Хар ус нуурын “Шувуун цуглаа” хэмээх хошуунд 1956 оны зун 300 гаруй хотон, 1972 онд Хар ус нуурт 207‚ 1981 онд 13‚ 1976 онд Хяргас нуурт 10‚ Ойгон нуурт 13‚ Баянхонгор аймгийн Орог нуурт 1979 оны намар 50‚ 1985 онд Увс нуурт 1 хотон тохиолдож байжээ. Хэрлэн голын хөвөөнд 2 бодгаль 2008 онд тохиолдож байсан. Cудалгааны материалаас үзэхэд, 90-ээд оны сүүлчээр Монголд 200 орчим борцгор хотон бий. Гэвч 2000 оноос хойш эрс ховордож байгаад, 2005 оноос үүрлэж, зусдаг нутагтаа цөөн тоогоор эргэн ирэх болсон. 2010 оны 6 сард Хар ус нуурын Цагаан голын арлууд дээр 120-150 хотон тохиолдож байсан. Усны түвшин буурах‚ хэт ихсэх‚ нуурын эрэг, арлын ургамал талхлагдах зэргээс үүр‚ өндөг устана. Хүн ойртоход үүрээ удаан хугацаагаар орхиж явснаас цахлай‚ үнэг зэрэг амьтад өндөг‚ ангаахайг сүйтгэнэ. Хотонгийн хошуугаар хурдан морины хусуур хийдэг нутгийнхны заншил хотонгийн нөөцийг хомсдуулж‚ улмаар устахад хүргэх хандлагатай байна.

Хамгаалсан байдал: 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэж, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-ийн I хавсралт, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенц (CMS)-ийн I, II хавсралт болон Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц (RAMSAR)-ийн жагсаалтад орсон Хар ус нуур, Орог нуур, Буйр нуур, түүний орчмын ус, намгархаг газар, Монгол улсын Улаан ном (1987, 1997)-нд тус тус орсон. Тархац нутаг нь Увс нуурын ай савын дархан цаазат газар, Хар ус нуурын байгалийн цогцолборт газарт тус тус хэсэгчлэн хамрагдсан.

Хамгаалах арга хэмжээ: Үндсэн байршил нутаг, үүрлэдэг газруудыг үржлийн хугацаанд тусгайлан хамгаалах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх. Тархац нутгийг нутгийн иргэд, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлд хариуцуулан хамгаалуулж, хамгаалалтыг сайжруулах, хууль бус агналтыг таслан зогсоох, нууруудын эргийн бэлчээрийн талхагдалтыг хязгаарлан зогсоох ажлыг зохион байгуулах, сурталчилгаа хийх.

Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном, Монгол улсын Улаан ном - 2013


Том биетэй, хошуундаа хальсан ууттай, усны шувуу юм. Монгол орны Бөөн цагаан нуур, Орог, Айраг, Хар-Ус, Ойгон, Хяргас, Сантмаргацын Баян, Холбоож, Хар-Ус нуурын орчинд зэгс шагшуурга ихтэй, загасаар баялаг том нууруудын арал,  тохой, голуудын цутгал хэсэгт нутагладаг. Монгол орны усны шувуудаас хамгийн томд тооцогдох хотон шувууны алдалсан далавч нь 160-180 см, хүнд нь 9-12 кг хүрдэг, өргөн богино сүүл нь 24 ширхэг өдтэй. Богино хүчирхэг хөлөөрөө усанд сайн сэлдэг, сарьсан хальсаар холбогдсон дөрвөн хуруутай. 3 нас хүрч үржилд орно, 5-р сарын дундуур хос хосоороо үүрээ засч өндөглөнө. Үүр засаж 2-3 өндөг гаргаад, эрэгчин эмэгчин ээлжлэн өндгөө 40 хоног дардаг. Ангаахайгаа өдөрт 2-3 загасаар хооллоно. Зөвхөн Ховд аймгийн Хар-Ус нуурт ирдэг хотон шувууны тоо жилээс жилд тоо толгой нь цөөрсөөр байна. Хулгайн анчид хошууг нь өндөр үнэ хүргэхийн тулд агнадаг. Нас гүйцсэн хотонгийн хошууны урт 37-45 см хүрдэг байна. Монголд төдийгүй дэлхийд нэн ховор төрөл учраас агнахыг хориглож Улаан номонд бүртгэгдсэн шувуу юм.