• White-winged Snowfinch
    Цасны богшоодой
    Зургийг Мима Хисатоёо
  • Lesser Kestrel
    Зээрд шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
  • Eurasian Hoopoe
    Бөвөөлжин өвөөлж
    Зургийг Окамото Юкио
  • Demoiselle Crane
    Өвөгт тогируу
    Зургийг Ч.Буянбадрах
  • Pallas's Sandgrouse
    Монгол ногтруу
    Зургийг Мима Хисатоёо
  • Himalayan Griffon, Himalayan vulture
    Хималайн хажир
    Зургийг Окамото Юкио
  • Mongolian Ground Jay
    Монгол Хуланжороо
    Зургийг Ч.Буянбадрах
  • Ruddy Shelduck
    Хондон ангир
    Зургийг Ч.Буянбадрах
  • Little Owl
    Хотны бүгээхэй
    Зургийг Окамото Юкио
  • Amur Falcon
    Амарын шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
ТОО
0
0
0

9. МОНГОЛ ОРНЫ ШУВУУД

ШУЛГАНАА (ӨГӨӨЛЭЙ ШУЛГАНАА)

ӨГӨӨЛЭЙ ШУЛГАНАА

Saxicola insignis Gray, 1846

Бaг: Бор шувуу хэлбэртэн – Passeriformes

Овог: Хөөндэйхэн – Turdidae

Rus: Большой чекан

Eng:  White throated Bushchat, Hodgson’s bushchut


Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “ховордож болзошгүй” зүйлд хамаарна.


Таних шинж: Биеийн урт 14см. Эрийн биеийн дээд тал, толгойн хажуу хар. Хэвэл, хүзүүний хажуу, сүүлний дээд хэсэг цагаан, далавч хар. Түүний доод бүрхүүл өд, дэвэгч өдний уг цагаан. Омруу цайвар. Биеийн элгэн хэсгийн өд улбар хүрэн. Залуур хар. Эмийн нуруу голоороо үргэлжилсэн бүдэг хүрэн судалтай саарал. Далавч эртэйгээ адил боловч, харавтар саарал, биеийн элгэн хэсэг, цээжиндээ арай тод улбар шар. Хошуу, хөл хар хүрэн.Залуу бодгаль зүсээрээ эмтэйгээ ижил.


Тархац, байршил нутаг: Зүүн өмнөд Алтай, Селюгеийн нуруу, БНХАУ-ын баруун хойд нутгаар тархсан. Энэтхэг-Хятадын хойгт Гимилайн нуруу, Умарт Энэтхэг, Балба, Умарт Бенгал хүрч өвөлждөг. Алтай, Хангайн уулсын системд тархсан өндөр уулын жигүүртний өвөрмөц зүйл. Монгол Алтайн Сийлхэм, Цаст, Мөнх хайрхан, Хөх сэрх, Хасагт хайрхан Хужирт, Бодонч, Боригийн голын эх, Улаан даваа, Хангайн гол нуруунд Отгонтэнгэр, Чулуут, Завхан, Богд, Бумбат, Буянт, Шаргалжуут, Онгийн голын эхийн д.т.д 2100 метрээс дээших таг, тайга, уулын хээр, чийглэг нугад байршина. Монгол Алтайд 2500-3100, Мөнх хайрханд 2800-3100, Даян нуур орчимд 2600, Улаан даваа, Бодонч голын эхэн хэсэгт 2600, Сийлхэмд 2100, Хангайд 2400-2600 метрийн өндөрт идээшин амьдарна.


Амьдралын онцлог: Үржлийн биологийн тухай мэдээ нэн хомс. Таг, царам, уулын энгэр, нугын сийрэг тачир өвс ургамал, бут сөөгтэй, хясаа цохио, гуу жалгатай гүехэн устай гол горхийн эргээс холгүй үүрлэнэ. Хэд хэдэн хос бие биедээ ойрхон үүрлэнэ. Монгол Алтайд 3-5, Хангайд 2-3 хос нэг дор үүрлэдэг. Ү сарын эцэс, YI сарын эхээр хад чулуу, бут сөөгийн орой дээр суун жиргэж байгаа эр шувууд олонтоо тохиолдоно. Үүрээ хад чулуу, хясаа цохионы ан завсар, гуу жалгын эгц эрэгт нуугдмал засна. Өндгөө ҮI сарын эхээр гаргана. Үүрийн аягыг хуурай нарийн өвс, хаг, хөвдөөр зулж сүлжин, ургамлын хөвөн, үс, ноос дэвсэж зөөллөнө.Ногоовтор цэнхэр өндөг, мохоо үзүүртээ шаравтар хүрэн бидэртэй. Хэмжээ 18.0-18.8 х 14.1-15.1мм.Ангаахай YI сарын эцсээр гарна. Эм өндгөө дарж, ангаахайгаа тэжээнэ. Эр үүр, бүлийн дэргэд байж эзэмшил газраа хамгаална. Амьдрах орчны онцлогоос шалтгаалан үржлийн хугацаа газар бүр харилцан адилгүй. Үүрлэж өндөглөсөн нутгаа YIII сарын дундаас орхиж нүүнэ.


Тоо толгой, хомсдох шалтгаан: Тусгайлан тооллого судалгаа хийгээгүй. Өндөр уулын хөрс, агаарын температурын огцом хэлбэлзэл, гэнэтийн хүйтрэл өндөг, ангаахай, залуу бодгалийн өсөлт, хөгжилтөд ихээхэн сөрөг нөлөөтэй.


Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн. Үүрлэж өндөглөдөг ихэнх нутгийг улсын тусгай хамгаалалттай газарт хамруулсан.


Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологийг судлах, өндөр уулын ховор шувуудыг хамгаалах менежмент боловсруулан хэрэгжүүлэх, сурталчилгаа хийх.


Эх сурвалж: Монгол улсын Улаан ном-2013