ГУРГУУЛ (ЗЭРЛЭГ ГУРГУУЛ)

ЗЭРЛЭГ ГУРГУУЛ

Lat: Phasianus colchicus Linnaeus, 1758

Баг: Тахиатан – Galliformes

Овог: Гургуулынхан – Phasianidae

Rus: Фазан

Eng: Common Pheasant

Jap: Kiji (キジ)

Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “ховордож болзошгүй” зүйлд хамаарна.

Таних шинж: Эрийн биеийн урт 75-89см, эмийнх 53-62см. Эрийн биеийн ерөнхий зүс улбардуу бараан хүрэн, хөндлөн жижиг хар толбо олонтой.Хошууны уг, хоолой, хүзүү, дагз, нүдний доод хэсэг хар, гялалзсан ногоон туяатай.Хацар, завьж нүцгэн улаан арьстай.Хүзүүний уг цагаан бүслүүртэй.Хондлой цэнхэрдүү ногоон туяатай саарал, залуур өд шаргалдуу бор хүрэн, хөндлөн хар судлуудтай.Цээж арай бараан, биеийн хажуу цайвардуу шаргал.Эм нь эрээсээ жижиг, бие бүхэлдээ шаргалдуу бор хүрэн, бараан хүрэн хөндлөн судал, толбо ихтэй учир цоохор.Сүүл богино, хөндлөн хар бараан судалтай.Хошуу бор шаргал.Хөл бор саарал.Эм гургуул бор саарал зүстэй. Хөндлөн хар бараан судалтай богинохон бор саарал сүүлтэй.

Тархац, байршил нутаг: ОХУ, Иран, Афганистан, БНХАУ, Солонгос болон Энэтхэг-Хятадын хойгийн өндөр уулсаар тархан амьдардаг суурин шувуу. Их Хянганы салбар уулс, Буйр нуур, Гүү, Азрага, Халх, Шинэ, Эмнэгтийн гол, Хүйтэн, Авдрантын булаг, Бөхмөрөн, Ховд голын шугуй, Зэргийн хөндий, Ачит нуурын хөвөөгөөр өтгөн зэгс, шагшуургатай газарт тархсан.

Амьдралын онцлог: Манай орны суурин шувуудын нэг бөгөөд ороо хөөцөө III сарын сүүлчээр эхлэн, VI сар хүртэл үргэлжилнэ. Монгол оронд элсэрхэг хөрстэй, бургас, улиас, хус бүхий холимог модтой, чацаргана, харгана мэт өтгөн, өндөр ургасан бутлаг ургамалтай амьдрах орчинд байршимтгай.Цасны зузаан дагаж өвөлдөө ойр зуур шилжинэ.Хос бүр үржлийн эзэмшил нутагтай.Эр нь олон эмэгчин хураана.Үүр газар дээр, гүехэн хонхор мэт бөгөөд үүрний хонхорыг ургамлын хатсан цөөхөн иш, навчаар доторлон өндөглөнө.Ногоовор-хүрэн, бор хүрэн, ногоовор, эсвэл хөхвөр саарал өнгө бүхий 6-12 өндөгтэй үүрүүд IV сарын cүүлч, V сарын эхээр таарна.Эм өндгөө ганцаар 21-27 хоног дарна.Дэгдээхий өндөгнөөс харьцангуй богино хугацаанд гарч, эмэгчин тэднийг ганцаар асран, хамгаална.Өндөгнөөс гарснаас хойш 12-14 хоногийн дараа нисэх чадвартай болно.Зундаа дэгдээхийнүүд шавьжаар ихэвчлэн хооллох бөгөөд шүүслэг навч, цэцэг, үр жимс, ургамлын үндэс, нахиа иднэ.Намрын сүүлч, өвөлдөө нэг бүлд багтах шувууд хамтдаа хоноглон, ургамлын үр, өвөлжих нахиа, үндэс, хатсан жимс зэргээр хооллоно. Цас ихтэй хахир өвөл тэд айлын гэр, малын хашаа хороо бараадан, малын бааснаас ургамлын үр түүж иднэ.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Хавар, зуны эхэн, намрын сүүлч, өвөлдөө гургуулын амьдрах орчинд мал олноор бэлчиж, амьдрах орчныг сүйтгэнэ. Бөхмөрөн, Ховд, Халх, Нөмрөг голын савд амьдрах нутгийн иргэд бургас, харганыг түлшинд ихээр хэрэглэдэг нь тэдний амьдрах орчинд нэн сөргөөр нөлөөлнө.Хавар, намрын хуурай цагийн түймэр нь гургуулын үржлийн болон өвөлжих нутгийн ойг шатаана.Гургуулын махыг идэх зорилгоор хулгайгаар агнадаг.Гэнэтийн хүйтрэл, их цас, цасан шуурганд бие гүйцсэн бодгаль, мөн залуу шувууд олноор эндэнэ.Саарал чоно, шар үнэг, гэрийн нохой гургуул барьж иднэ.

Хамгаалсан байдал: 1975 оноос агнахыг хуулиар хориглож, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн. Монгол улсын улаан номонд орсон. Ховд голын шугуйгаас 1976, 1977 онд 10 орчим гургуул барьж, Улаанбаатар хотын орчмын үржүүлгийн фермд тэжээх туршилт хийсэн. Байршил нутгийг улсын тусгай хамгаалалттай газарт хэсэгчлэн хамруулсан.

Хамгаалах арга хэмжээ: Гургуул үржиж, өвөлждөг нутгийн тодорхой хэсгийг нутгийн иргэд, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлд хариуцуулан хамгаалуулах, хамгаалахыг сурталчлах, зудын үед тэжээл тавьж өгөх, гургуул үржүүлгийн төвийг Ховд, Халх, Нөмрөг голын савд байгуулах замаар нөхөн сэргээх, хамгаалах сурталчилгаа хийх.

Эх сурвалж: Монгол улсын Улаан ном 2013 

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0