ХОЙЛОГ (АЛТАЙН ХОЙЛОГ)

АЛТАЙН ХОЙЛОГ

Tetraogallus altaicus (Gebler, 1836)

Баг: Тахиатан – Galliformes

Овог: Гургуулынхан – Phasianidae

Rus: Алтайский улар, Алтайская горная индейка

Eng: Altai Snowcock

Jap: Arutaisekkei (アルタイセッケイ)


Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “ховордож болзошгүй” зүйлд хамаарна.

Гадаад шинж: Бие том, бахим. Толгой, биеийн дээд хэсэг хүрэн саарал.Биеийн ар нуруу, залуурын бүрхүүл өдүүд жижиг, цагаан судалтай.Бүдүүн хүзүү, гүеэндээ хөндлөн хар, жижиг толботой.Хоолой, хэвэл цагаан.Биеийн хажуу, гуя хар өдтэй.Өдний үзүүр өргөн хар эмжээртэй.Хошуу бүдэг хар.Шилбэ, савар шаргалдуу туяа бүхий хүрэн бор хайрстай.Нүдний доор, ар талд тод шар, шаргал нүцгэн арьстай.Эр, эмээсээ биеэр том.

Тархац байршил: ОХУ-ын Алтай, Саяны нуруу, Селюгем, Тагнын нурууны зүүн биеэр тархсан. Монгол Алтай, Говь-Алтайн уулс Цамбагарав, Хархираа, Түргэн, Асгат, Хөх сэрх, Сөнхсарьдаг, Сутай, Хүрэн хайрхан, Жинст хайрхан, Хонгор хайрхан, Алаг хайрхан, Жаргалант хайрхан, Сагил болон Хангай, Хан Хөхий, Хөвсгөлийн уулын ойт хээрийн бүслүүрийн далайн түвшнээс дээш 2700-3000 метр өндрийн ноён оргилын байц цохио, ханан хад, нураг асгатай, ой модгүй тэгш, мөлгөр хяртай энгэр, хажуу, хунх, нугачаа, судаг, хярын зоонд байршина.

Амьдралын онцлог: III сарын сүүл, IV сарын эхээр ороо эхлэхэд өвлийн сүрэг тарж хоёрлосон хосууд үүснэ. Орооны үед өглөө, орой чахрин исгэрэх дуу идэвхжиж, эрүүд “адуу янцгаах” адил дуугаар эмэгчнээ дуудан хос хойлог уулын задгай энгэр хажуу, хунхад элбэгшиж үүрлэхийнхээ өмнө өндөр уулнаас доошлох нүүдэл хийдэг.V сарын эхээр хад чулууны хоорондох нөмөр газар хонхойлж, хагд өвс, өд дэвсэж үүр засна.V сарын сүүлчээр 8-12 хоногт цувуулан өндөг гаргаж, эмэгчин 28 хоног дарна.Дэгдээхий VI сарын эхээр гарч, хурдан өсч томроод, X сард галбир хэмжээгээрээ бие гүйцсэн бодгальтай адил болно.VII сарын дундуур орооны идэвх буурч, VIII сарын хоринд бүр мөсөн зогсоно.Үетэн, холтсон цэцэгтэн, тэргүүлэгч цэцэгтэн, буурцагтаны овгийн ургамлаар голлон хооллоно.Мөн арвай, улаан буудай, вандуй, шар будуу, овъёос, багсармал тэжээл иддэг.

Тоо толгой хомсдох шалтгаан: 1950-иад оны эхээр их цөөрсөн боловч аажмаар тоо толгой олширч, тархацын хүрээ хуучин нутгаараа дахин тэлж, ердийн элбэг шувуудын адил өсөж байна. Монгол Алтайн нуруунд 100 га талбайд 15-30, Хангайд 3-30 толгой байдаг.Бүргэд, үлэг харцага, ирвэс, шилүүс, үнэг зэрэг махчин амьтад хороодог. Үүр, өндөг, дэгдээхийг хадны суусар, дорго сүйтгэнэ. Зуны цочир хүйтрэлд дэгдээхийн 40 орчим хувь хорогдоно.Дэгдээхийг өвлийн улиралд махчид хороодгоос жилийн өсөлт 5-10 хувь байна.Эмчилгээ сувилгаанд махыг хэрэглэх зорилгоор хулгайгаар агнаж, худалдаалах, үргээж байршлыг алдагдуулсаар байна.

Хамгаалсан байдал: 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэж, Монгол улсын улаан номонд оруулсан. Тархац нутгийн ихэнхийг улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад хамруулж хамгаалсан.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөцийг тогтоох, тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөөнд тусган, хамгаалалтыг сайжруулах, хууль бус агналт, худалдааг таслан зогсоох зорилгоор Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн хавсралтад оруулах, зориудаар өсгөн үржүүлэх, хамгаалах сурталчилгаа тогтмол хийх.

Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013


Тахианы багт багтдаг. 30-40 см өндөртэй, 2.5-3 кг жинтэй. Хөх бордуу зүстэй, зоо нуруундаа хар судалтай, элгэн биеэрээ цагаан толботой хээрийн шувуу юм. Сүргээрээ бэлчээрлэх бөгөөд 1-2 нь харуулд гарна. Хүн амьтны бараа харагдмагц тэр харуул нь исгэрэн дохио өгөх бөгөөд бусад нь сүргээрээ явгалан газрын өөд гүйж одно. Нисэхдээ муу, харин газрын өөд гүйж чадна. Монгол-Алтай, Говь-Алтай, Хангай Хөвсгөлийн уулс, Тагнын нуруугаар оршино. Монголын хойлог арай том биетэй байдаг. Нууцгай хад бутан доор ноос үс дэвсэн үүр засаж 5-12 хүртэл өндөг гаргадаг. Хойлогны мах шарханд маш сайн. Гэмтэж шархадсан хүн хойлогны махыг чанаж уухаас гадна хатсан махыг нь нунтаглаад шархан дээрээ цацаж эмчилнэ. Чингис хааны цэргүүд дайн байлдаанд явахдаа хойлогны махыг борцлоод авч явдаг байжээ. Шархадсан цэргүүд нь махаараа шөл хийж уугаад дороо тэнхэрдэг байсан байна.  Хожим Чингис хаан хойлог шувууг алж болохгүй гэж зарлигласан байдаг.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0