• White-winged Snowfinch
    Цасны богшоодой
    Зургийг Мима Хисатоёо
  • Lesser Kestrel
    Зээрд шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
  • Eurasian Hoopoe
    Бөвөөлжин өвөөлж
    Зургийг Окамото Юкио
  • Demoiselle Crane
    Өвөгт тогируу
    Зургийг Ч.Буянбадрах
  • Pallas's Sandgrouse
    Монгол ногтруу
    Зургийг Мима Хисатоёо
  • Himalayan Griffon, Himalayan vulture
    Хималайн хажир
    Зургийг Окамото Юкио
  • Mongolian Ground Jay
    Монгол Хуланжороо
    Зургийг Ч.Буянбадрах
  • Ruddy Shelduck
    Хондон ангир
    Зургийг Ч.Буянбадрах
  • Little Owl
    Хотны бүгээхэй
    Зургийг Окамото Юкио
  • Amur Falcon
    Амарын шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
ТОО
0
0
0

9. МОНГОЛ ОРНЫ ШУВУУД

ЁЛ (ООЧ ЁЛ)

ООЧ ЁЛ

Lat: Gypaetus barbatus (Linnaeus, 1758)

Баг: Шонхортон – Falconiiformes

Овог: Харцгайнхан – Accipitridae

Rus: Бородач (Ягнятник)

Eng: Lammergeier, Bearded vulture, (lamb-hawk)

Jap: Hige-washi (ヒゲワシ)

Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “эмзэг” зүйлд хамаарна.

Гадаад шинж: Биеийн урт 130 см. Нуруу хар, өдний голын цагаан зураасууд тод харагдана.Том өдүүд мөнгөлөг туяатай.Толгой цагаан, эсвэл шаргалдуу, зулай дээрээ хар толботой.Хатуу өргөс мэт хурц өдөөс бүрдсэн, урагш чиглэсэн хар оочтой.Дэвүүр болон залуур өдүүд саарал, хэвлий цайвар шар, гүеэ хавиараа хар бидэртэй.Сүүлийн дунд өдүүд урт, захруугаа шаталсан тул зэв хэлбэртэй. Нүд шар, эсвэл цагаан бөгөөд улаан хүрээтэй.Хошуу эвэрлэг саарал, хумс хар.

Тархац байршил: Европ, Умардын дунд Азид G.b.aureus, Африкт G.b.barbatus, Зүүн ба өмнөд Африкт G.b.meridonalis, Өмнөд ба Төв Азийн уулархаг бүсээр G.b.hemachalanus хэмээх 4 зүйлхэн тархсан. Монгол оронд Монгол Алтай, Говийн Алтайн нуруу, Сайлюгем, Хархираа, Түргэн, Жаргалант Хайрхан, Алтан хөхий, Байтаг Богд, Тахийн шар нуруу, Аж Богд, Атас-Чингис, Эдрэнгийн нуруу, Алтан уул, Нэмэгт, Сэврээ, Тост, Гурван сайхан, Хүрх уул, Хангайн хүвчин нуруу зэрэг харьцангуй өндөр уулсаар, Хордил сарьдаг хүртэл G.b.hemachalanus дэд зүйл тархжээ. Бага газрын чулуу, Зоргол хайрхан, Хустайн нуруунд хадан цохионд нэг үржлийн хосыг дэгдээхийтэй үүрийг тэмдэглэсэн.Тэрхийн цагаан нуурын Хорго галт ууланд 2 дэгдээхийтэй үүрийг 2007 оны VII сарын 30-нд тэмдэглэсэн. Чойрын богд, Их сансар, Яазаар уул, Хэрлэн тооно газарт 2013 онд, Дархан уул, Баянхутаг, Мөнххаан, Батхаан, Хөгнөхаан уул, Эрдэнэсант сумын Алтан уул түүний орчмоор 2013 онд ганц нэг бодгалийг тус тус тэмдэглэжээ.

Амьдралын онцлог: Өндөр уулс, тэдгээрийн бэл, хормой нутаг, элгэн хад цохиотой, гүн хавцалтай газруудаар амьдарна. Хаврын эхэн сар I сарын дундаас үүрээ хүн, амьтан хүрэхэд бэрх, хөмөг, тавцан дээр бут, бургасны мөчрөөр засч хагдарсан өвс, яс, бүс даавуу, эсгийний өөдөс, нэхий, ноосоор дэвсгэр хийнэ.Үүрээ олон жил ашигладагаас жил бүр засаж сэлбэснээр тэр асар том болно.Зарим судлаачид, энэ зүйлийг XII-I сард өндөглөдөг, зарим нь II сард өндөглөдөг хэмээх мэдээнээс үзэхэд, энэ зүйл өвлийн ид хүйтэнд өндөг гаргадаг байна.4-5 хоногийн зайтай 2 өндөг гаргаж, 60 хоног орчим түүнийг дарж ангаахай болгоно.Ангаахай VII сарын эхээр үүрээ орхино.Сэг, зэмээр хооллох боловч хааяа залуу, сул дорой амьтан барина.

Тоо толгой хомсдох шалтгаан: Монгол улсын уулархаг хэсгийн энэ шувууны тоо толгойн тооллого хийгдээгүй боловч ердийн зүйлд тооцогдоно. 1993 оны байдлаар, дэлхийн улс орны 29 амьтны хүрээлэнд, амьтан үржүүлэх төвүүдэд 97 бодгаль байна.Манай оронд сүүлийн жилүүдэд олноор түр орж ирэх болсон хажирын үүрлэх орчны гол өрсөлдөгч болж, хуучин үүрүүдийг булаан эзэмших болсон нь Говь Алтайн зарим уулсаар ховордох шалтгаан болж байна.

Хамгаалсан байдал: 1953 оноос хуулиар агнахыг хориглож, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтболон Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенцийн I, II хавсралтадтус тус бүртгэгдсэн. Тархац нутгийн зарим хэсэг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамрагдсан.

Хамгаалах арга хэмжээ: Хангайн нуруу, Говь гурван сайхан, Говийн их дархан газар, Хар ус нуур (Жаргалант хайрхан) Хөх сэрх, Алтай Таван Богд, Отгонтэнгэр, Цагаан шувуут, Түргэн уул, Хан Хөхий зэрэг газарт нэн ховор, ховор зүйлийн шувуудын хамгаалалтын менежментийг бий болгох, Суман гол, Чулуутын хавцалын хамгаалалтыг сайжруулах. Ёлыг гоёл чимэглэл, уламжлалт анагаах ухааны чиглэлээр ашиглахгүй байх, таниулан сурталчлах ажлыг сайжруулах.

Эх Сурвалж: Монгол улсын "Улаан ном" 2013


Монголын “Улаан ном”-нд бүртгэгдсэн ховор шувуу. Дэлхий дээр зөвхөн Төв Азид далайн төвшнөөс дээш 1500-3000 м өндөрт оршдог ховор шувуу юм. Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Ёлын ам, Алтайн нурууны зүүн үзүүрийн салбар уулс болох Нэмэгт, Сэврэй, Ноён, Баян бор нуруу зэрэг говийн уулсаар тааралдана. Түүнчлэн Европын өмнөд хэсэг, Африк, Ази, Энэтхэг, Түвдийн уулархаг газарт нутаглана. Монгол орны хамгийн том махчин шувуудын нэг бөгөөд урт нарийхан далавчтай, сүүл нь гурвалжин хэлбэртэй, цагаан цайвар ба шар өнгийн элэгтэй, хар бараан ба хөх саарал нуруутай. Жигүүрээ дэлгэсэн үеийн далавчны урт 2.5-3 м, биеийн урт нь 95-125 см, биеийн жин нь 4.5-7.5 кг. Ёл шувууг бусад жигүүртнээс таних хялбар арга бол эрүүн доор байх хялгасан сахал юм. Мөн толгойн оройн хэсэг ба цээж нь цагаан өнгөтэй байдаг.


Эмэгчин ёл хавар эрт 2 дугаар сард ихэвчлэн хоёр өндөг гаргана. Эрэгчинтэйгээ ээлжлэн 50 гаруй хоног дарж ангаахай болгоно. Намар есөн сар гэхэд бие гүйцэж үнсэн хөх зүстэй болдог. Таван жилийн дараа нас бие гүйцэж үржилд ороход бэлэн болох бөгөөд 12-2-р сарын дунд үе хүртэл үржлийн улирал байдаг. Хоёр сарын дараа ихэвчлэн 2 өндөг төрүүлэх бөгөөд ёл 40 жил хүртэл насалж чаддаг.

Ёл газарт ховор бууж ирдэг бөгөөд өндөрт нисэж, өндөр газарт үүрээ засдаг. Ёл хэдийгээр махчин шувуу боловч амьд амьтан руу дайрдаггүй, зөвхөн үхсэн малын сэг зэм, яс, ясны чөмгөөр хооллодог. Хаданд ясыг шидэж бутлан иддэг онцлогтой. Салхинаас өөр юу ч үл хүрэх тийм бартаа саад ихтэй өндөрлөг газар амьдардаг. Ёл шувууны ходоод, сангас зэргийг ардын уламжлалт анагаах ухаанд эмийн найрлаганд хэрэглэдэг. Голдуу ясаар хооллодог шувуу учраас ходоодонд маш сайн хэмээн үздэг.