БҮРГЭД (УСНЫ НӨМРӨГБҮРГЭД)

УСНЫ НӨМРӨГБҮРГЭД

Lat: Haliaeetus leucoryphus (Pallas, 1771)

Баг: Шонхортон – Falconiiformes

Овог: Харцгайнхан - Accipitrida)

Rus: Орлан-долгохвост

Eng: Pallas’s Sea-Eagle, Pallas’s Fish-Eagle


Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “устаж болзошгүй” зүйлд хамаарна.


Таних шинж: Ерөнхий зүс бараан хүрэн. Сүүлийн залуур өдүүд цагаан бөгөөд үзүүр, угтаа хар зурвастай. Толгой, хүзүү шаргал саарал. Нүд цайвар бор, хошуу хар саарал, зэтэр цэнхэрдүү, хөл цайвар шар, хумс хар. Эр шувууны далавчны урт 545-585 мм, эмийнх 593-623 мм. Хээр ба цөлийн томоохон усан сангуудыг дагаж амьдарна. Үүрээ мод хад, овоорсон зэгсэн довцог дээр засдаг. 2-4 өндөг гаргана. Нүүдлийн, зарим үед өвөлждөг, үүрлэж, өндөглөдөг шувуу.

Тархац, байршил нутаг: Ази, баруун тийш Приерусланы тал, Өмнөд зүгт Байгалийн урдах нутгууд хойт БНХАУ, Түвд, Умард Энэтхэг, Бирмээр тархана. Манай орны Монгол Алтайн Ачит нуур, Их нууруудын хотгорын Хар ус, Хар, Дөргөн, Хяргас, Увс нуурууд, Завхан голын хөндий, Хангайн Орхон, Тамир, Идэр, Хэнтийн уулын бүсийн Хараа, Туул голын хөндий, Хөвсгөл, Дархадын хотгороор тааралдана. Нүүдлийн үедээ Орхон, Туулын хөндий, олон нууруудын хоолойн Бөөнцагаан нуурт тохиолдоно. Хээр, цөлийн загастай, томоохон нуур, ус дагаж амьдарна.

Амьдралын онцлог: Үүрээ мод, хад, газарт засч 2-4 өндөг гаргана. Тэжээлийн зонхилох хэсгийг загас эзлэх боловч, сүүгээр бойжигчид, шувуу барьж иддэг. Cудалгаагаар, Хар ус нуурын Цагаан голын арал дээр, өвөлжөөн дээр үүрлэсэн байв.

Тоо толгой‚ хомсдох шалтгаан: Томоохон нуур усны эрэг хавиар амьдардаг бусад шувуудын адил амьдрах орчны доройтол нь нэг газартаа зусах, өндөглөх боломжийг алдагдуулж байна.

Хамгаалсан байдал: Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэж, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай (CITES) конвенцийн II хавсралт, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенцийн II хавсралт, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцийн хавсралтад орсон нууруудад тус тус орсон. Байршил нутгийг улсын тусгай хамгаалалттай газарт хэсэгчлэн хамруулсан.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, тоо толгойг нарийвчлан судлах, гол, нуурын эргийн бэлчээрийг сэлгээтэй ашиглаж, түүний талхагдлыг хязгаарлан зогсоох, хамгаалалтыг сайжруулах, сурталчилгаа хийх.

Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0