• White-winged Snowfinch
    Цасны богшоодой
    Зургийг Мима Хисатоёо
  • Lesser Kestrel
    Зээрд шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
  • Eurasian Hoopoe
    Бөвөөлжин өвөөлж
    Зургийг Окамото Юкио
  • Demoiselle Crane
    Өвөгт тогируу
    Зургийг Ч.Буянбадрах
  • Pallas's Sandgrouse
    Монгол ногтруу
    Зургийг Мима Хисатоёо
  • Himalayan Griffon, Himalayan vulture
    Хималайн хажир
    Зургийг Окамото Юкио
  • Mongolian Ground Jay
    Монгол Хуланжороо
    Зургийг Ч.Буянбадрах
  • Ruddy Shelduck
    Хондон ангир
    Зургийг Ч.Буянбадрах
  • Little Owl
    Хотны бүгээхэй
    Зургийг Окамото Юкио
  • Amur Falcon
    Амарын шонхор
    Зургийг Ч.Буянбадрах

9. МОНГОЛ ОРНЫ ШУВУУД

БҮРГЭД (БОР БҮРГЭД)

БОР БҮРГЭД

Lat: Aquila clanga Pallas 1811

Баг: Шонхортон - Falconiformes

Овог: Харцгайнхан – Accipitridae

Rus: Большой подорлик

Eng: Greater Spotted Eagle

Jap: Karafuto-washi (カラフトワシ)


Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “устаж болзошгүй” зүйлд хамаарна.


Таних шинж: Биеийн урт 59-69 см. Бие гүйцсэн бодгалийн дээд, доод хэсэг бүхэлдээ хар хүрэн. Далавчны доод талаас нэгдүгээр зэргийн эхний дэвүүрүүдийн уг, хондлой үл мэдэг цагаан. Дагз орчимд улбардуу бор шаргал, толбогүй. Цээж, хэвлий хар хүрэн. Хээрийн бүргэдтэй төсөөтэй ч далавч доороосоо бугуй орчимдоо цагаан судалт толботой, арай бараан зүстэй зэргээрээ ялгарна. Залуу бодгалийн далавчны бүрхүүл илүү цоохор, хондлойн цагаан тод. Далавчны доод их бүрхүүлийн орой цайвар учир энэ хэсэг цоохор. Хошуу бараан саарал. Хөл, зэтэр шар, хумс хар.


Тархац, байршил нутаг: ОХУ, алс дорнодоос Сырдарья голын хөндий хүртэлх нутагт үүрлэж, зусдаг, Баруун Европын дорнод нутаг, ОХУ-ын Алтай ба БНХАУ-ыг дайран өнгөрч, Ази болон Европын өмнөд нутаг, Египетэд өвөлждөг. Монгол оронд Хэнтийн уулс болон Сэлэнгэ голын тайга, ойт хээрийн ойд үүрлэнэ. Нүүдлийн үедээ үржлийн дээр дурдсан нутаг, Нууруудын хөндий, Халх голын савд тохиолдоно. Хангайн нурууны Тарвагатай, Завханы Их уул орчим, өмнөд хэсэгтээ Тэрхийн голын сав, хойшоогоо Идэрийн гол, Архангайн Өгий нуур, Булган аймгийн Жаргалант Хорго, Баян-Овоо, Булган аймгийн Хутаг-Өндөр, Айрхан нуурын хоорондох нутаг, Хэнтийн уулс, Мандал сумын Баянголын хөндий, Зүүнхараагийн Хараа гол, Тэрэлж орчим, Төв аймгийн Атар орчимд нүүдлийн үедээ тэмдэглэгджээ.


Амьдралын онцлог: Монгол оронд энэ зүйл харьцангуй ховор өндөглөдөг, нүүдлийн зүйл. Манай оронд үржлийн болон нүүдэллэж буй бодгалиуд IV сарын сүүлч, V сарын эхээр ирнэ. Тэд V сарын сүүлч, VI сарын эхээр үржинэ. Үржлийн хосууд тайга, ойт хээр, голын хөндийн шилмүүст, навчит болон холимог ойн өндөр модонд үүрээ моддын иш, мөчрөөр засна. Нэг үүрэндээ жил дараалан үүрлэнэ. Эм бүүдгэр саарал өнгөтэй, бор хүрэн, саарал сийрэг толбо, судалтай 2-3 өндгийг ихэвчлэн 42-44 хоног дарна. Эр заримдаа усны шувууд, гүрвэл, мэлхий ч иднэ. Залуу шувууд ойролцоогоор 60-65 хоногийн дараа үүрээ орхиж ниснэ. Нүүдлийн үедээ тэд ганц нэгээрээ ойт хээр, гол, нуурын хөндий, хад чулуу, цохиотой нутагт тохиолдоно. Үржлийн болон нүүдэллэж буй бодгалиуд манай оронд IX сарын сүүлч, X сарын эхээр тааралдана.


Тоо толгой, хомсдох шалтгаан: Уул уурхайн хайгуул, олборлолт, үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар мод огтлох, аялал жуулчлалын үйл ажиллагаа нь ой, ойт хээрийн бүсийн өндөглөх орчныг доройтуулж байна. Ой хээрийн түймэрт өндөглөдөг нутаг ихээр өртөж, заримдаа үүр бүхий мод шатдаг. Идлэг шонхорыг барихын тулд нисгэсэн урхитай тагтаанд орооцолдож, бодгалиуд эндэнэ. Нүүдлийн үедээ Үлийн цагаан оготны хоронд хордсон чичүүл, үлийн цагаан оготныг олноор идэснээр энэ зүйлийн бодгалиуд хордож үхэх аюултай. Мөн өндөр хүчдэлийн шугам мөргөх, өндөр хүчдэлийн шугамын хүчдэлд цохиулж эндэнэ. Дуу шуугиан үржлийн шувуудад сөргөөр нөлөөлнө.


Хамгаалсан байдал: Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэж, Азийн ховор шувуудын Улаан ном (2001), Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралт болон Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенцийн I, II хавсралтад бүртгэгдсэн. Уг зүйлийн манай орон дахь тархсан газрууд улсын тусгай хамгаалалттай газарт хэсэгчлэн хамрагдсан.


Хамгаалах арга хэмжээ: Тоо толгой, биологи, экологийн судалгааг хийж, хамгаалах төлөвлөгөөг боловсруулах, үржлийн нутгийн амгалан байдлыг алдагдуулахгүйн тулд нутгийн иргэдэд түшиглэсэн хамгаалалт, суртчилгааны ажлыг сайжруулах.


Эх сурвалж: Монгол улсын "Улаан ном" - 2013