• White-winged Snowfinch
    Цасны богшоодой
    Зургийг Мима Хисатоёо
  • Lesser Kestrel
    Зээрд шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
  • Eurasian Hoopoe
    Бөвөөлжин өвөөлж
    Зургийг Окамото Юкио
  • Demoiselle Crane
    Өвөгт тогируу
    Зургийг Ч.Буянбадрах
  • Pallas's Sandgrouse
    Монгол ногтруу
    Зургийг Мима Хисатоёо
  • Himalayan Griffon, Himalayan vulture
    Хималайн хажир
    Зургийг Окамото Юкио
  • Mongolian Ground Jay
    Монгол Хуланжороо
    Зургийг Ч.Буянбадрах
  • Ruddy Shelduck
    Хондон ангир
    Зургийг Ч.Буянбадрах
  • Little Owl
    Хотны бүгээхэй
    Зургийг Окамото Юкио
  • Amur Falcon
    Амарын шонхор
    Зургийг Ч.Буянбадрах

9. МОНГОЛ ОРНЫ ШУВУУД

САР (МОГОЙЧ ЗАГАЛАЙ, ЛУСЧ САР)

МОГОЙЧ ЗАГАЛАЙ

Circaetus gallicus (Gmelin, 1788)

Баг: Шонхортон – Falconiformes

Овог: Харцгайнхан – Accipitridae

Rus: Обыкновенный змееяд

Eng: Short-toed Snake-Eagle


Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “устаж болзошгүй” зүйлд хамаарна.


Таних шинж: Биеийн урт 62-67 см. Өнгө зүсний цайвар, бараан хэлбэр ажиглагдана. Сүүл харьцангуй урт, хөндлөн бараан судлуудтай. Толгой, цээж, нуруу бараавтар хүрэн бор, хэвлий цайвар бор хүрэн, бор саарал, бараан хүрэн толбо ихтэй. Суух үед толгойн өд сэгсийх учир зантгар толгойтой мэт харагдана. Далавчны доод бүрхүүл өд хөндлөн судал, толбо ихтэй учир цоохор. Шуумаг өд сул хөгжсөн. Залуу шувууд бие гүйцсэнтэйгээ ижил ч биеийн дээд хэсэг цайвар, доод хэсэг толбо, судал багатай, хондлойд цайвар зүс хөгжөөгүй, хоолой арай бараан. Тарс нүцгэн, торлог хайрстай. Хошуу, хөл хөхвөр саарал, хумс хар. Могойгоор голчлон хооллодог ч үүрлэх, зусах газар элбэг жижиг биетэй сээртэн амьтдыг ангуучилна.


Тархац, байршил нутаг: Хэнтийн баруун-өмнөд хэсгээр үржлийн үедээ тохиолдоно. Сэлэнгэ голын хөндийд үржиж, Орхон, Сэлэнгэ, Туул голын саваар нүүдлийн үедээ тохиолдоно. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Зүүн Хайлаастай, Шүтэгийн Баянгол, Өөшийн говь, Өмнөговь аймгийн Ноён сумын Баг мод, Галбын говь, Батаагийн голд өндөглөн зусна.


Амьдралын онцлог: Нүүдлийн манай оронд өндөглөдөг зүйл. Энэ зүйлийн үржлийн, нүүдлийн бодгалиуд манай оронд IV сарын сүүлч, V сарын эхээр нүүж ирнэ. Нүүдэллэж ирсний дараа үржлийн хосууд үүрээ сонгож, V сарын сүүлч, VI сарын эхээр цөлжүү хээр, говийн тоорой, улиас, хайлаас зэрэг мод дээр модлог, бутлаг ургамлын иш, мөчир зэргээр үүр засаж, цагаан өнгөтэй 1 өндгийг ихэвчлэн эм шувуу 40-47 хоног дарна. Голчлон эмнь  өндөг дарж, ангаахайг хооллож, хамгаалах ба харин эр нь могой, гүрвэл, жижиг шувуу, тэдгээрийн ангаахай, шавж ангуучилж, эм болон ангаахайгаа хооллоно. Ангаахай үүрээ орхиж ниссэний дараа ч эцэг, эх шувуудын халамжинд байна. Намрын нүүдэл VIII сарын сүүлч, IX сарын эхээр үргэлжилнэ. Нүүдлийн үедээ энэ зүйлийн нэг, эсвэл 3-4 бодгаль манай орны ойт хээр, хээр, говь цөлд тохиолдоно. Тэдгээрийн нүүдэллэх хугацаа тухайн жилийн идэш тэжээл, цаг уураас ихээхэн хамаарна.


Тоо толгой, хомсдох шалтгаан: Үүрлэх нутаг нь мал, ялангуяа, тэмээний бэлчээр талхлагдаж, үүрлэх орчин доройтох шалтгаан болно. Уул уурхай болон аялал жуулчлалыг дагасан барилгажилт, үүртэй моддыг түлшинд хэрэглэх нь түүний өндөглөх орчин улам хязгаарлагдмал болоход нөлөөлж байна. Идэш тэжээл хомсдох, эгэл шаршувуу зэрэг махан идэшт амьтдын нөлөө залуу шувуудын өсөлтөнд муу нөлөөтэй.


Хамгаалсан байдал: Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар оруулж, Зэрлэг ургамал, амьтны ховордсон зүйлийг олон улсад худалдах тухай конвенцийн II хавсралт болон Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенцийн II хавсралтад тус тус бүртгэгдсэн. Монгол улсын улаан номонд орсон. Энэ зүйлийн манай орон дахь нийт тархалтын 11.9% нь улсын тусгай хамгаалалттай газарт багтана.


Хамгаалах арга хэмжээ: Биологи, экологийг нарийвчлан судлах, тархац нутгийг улсын тусгай хамгаалалтад нэмж авч, хамгаалалтыг сайжруулах, сурталчилгаа хийх, амьдрах орчны доройтол, бэлчээрийн талхагдлыг хязгаарлан зогсоох.


Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013