ХАВТГАЙ ТЭМЭЭ (CAMELUS FERUS PRZEWALSKI, 1883)

Баг. Саарьтан - Tylopoda (Artiodactyla)
Овог.
Тэмээнийхэн - Camelidae

Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж байгаа”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Биеийн галбир гэрийн хоёр бөхт тэмээтэй төстэй боловч бие гоолиг, бөх жижиг, шовгор, үргэлж босоо, хөл, хүзүү урт нарийн, тавхай ялимгүй бага, гонзгойдуу, магнай ялимгүй өргөн хавтгай, хошуу шөмбөгөр, уруул нимгэн. Өрөвлөг, бөхний сагсаг, шил, өвдөгний зогдорын хялгас богино сийрэг, эм ноосны үс тачир, шингэн. Зүс гэрийн тэмээнийхээс цайвар, элсэн шаргалаас хүрэн улаан. Сүүл нарийн, цацаг үс улаавтар. Өвдөг тойг өвчүүний саарь бараг мэдэгдэхгүй зэрэг олон ялгаатай. Бие 340 см, сүүл 55 см, хүзүү 74 см урт, сэрвээ 210 см, хондлой 220 см, бөхний өндөр 35 см, жин 550 кг.

Тархац, байршил нутаг: Хавтгай тэмээ Төв, Дунд Азийн говь цөлд түгээмэл дэлгэр тархацтай байжээ. Хятадын Лоб нуураас умард, дорно зүгт Ачикийн хөндий, Аржин шан уул, түүний умард залгаа аараг толгодын дагуу тархдаг. Монгол дахь хавтгай тэмээний үндсэн тархац нутаг Алтайн өвөр говь, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн 44.000 км2 нутгийн ихэнх хэсэгт буюу 30-35 км2 нутгийг бүрэн хамран байршдаг. Цөөн тохиолдлоор ихэвчлэн өвлийн улиралд цөөн тооны бодгалиуд Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь сумын урьд говь, Өмнөговь аймгийн Гурвантэс, Нэмэгтийн хоолой, Ингэн хөөврийн хоолой, Сэрвэй сумын урьд говиор тохиолдоно.

Амьдралын онцлог: Буурны ороо I-II сард орж, нэг буур 10-20 ингэ хураана. Ингэ хээлээ 410-425 хоног тээж, III сарын эхнээс IV сарын дунд хүртэл ботголно. Орсон буур орооныхоо үед идээшлэхгүй, гэдсээ татна. Ингэ булаг, шандаас алс нөмөр нөөлөг газар ботголж, 15-20 хоногтой ботгоо байнга дагуулан 13 сар хөхүүлээд, V-VIII сард эх үрийн харьцаанаас сүргийн харьцаанд шилжинэ. 3-4 настайдаа бэлгэ боловсорч үржилд орно. Жил өнжиж төллөнө. Ногооны сөл тасарсан үед баянбүрд, булаг шандны ойр бэлчээрлэж байгаад, ногоо ургахаар алслана. 5-10 өнжиж ус ууна. Зун харьцангуй сэрүүн салхитай өндөрлөг газар бараадна. V-VI сард гуужна. Гэрийн тэмээтэй үржилд орно. Нэгдүгээр үеийн эрлийз бие галбир, авир төрхөөрөө хавтгайн шинжтэй байдаг. Ихэвчлэн заг, улаан бударгана, шармод, сухай, баглуур зэрэг сөөг, сөөгөнцөр ургамлаар хооллоно. Өвөл цас дагаж өдөр, зун өглөө оройн сэрүүнд бэлчээрлэнэ. Хаврын хүчтэй шуурганаар эрэг, ганга, мод сөөг нөмөрдөн өнжин хонон хэвтэнэ. Холч хараатай, үнэрч, соргог.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Хавтгай 1943 онд хамгийн цөөн 300, 1959-1960 онд 400-500, 1974 онд 900 орчим болжээ. 1975-1976 оны судалгаагаар, 400, 1980-1982 онд 500-800 толгой байв. 1982-1989 онд жил бүр нөөцийн үнэлгээ тогтоосноос үзэхэд 480-555 байв. 1993 оны байдлаар 320 болов. 2012 онд хийсэн тархац, биологийн нөөцийн үнэлгээгээр, 800 гаруй толгой гэж үнэлэгдсэн. 1975 онд Говийн их дархан цаазат газрыг байгуулснаас хойш популяцийн тархац, тоо толгойн хэмжээ тогтворжсон. Бэлчээр, задгай усыг хүн, мал эзэгнэснээс идээшсэн нутгаа орхин дайжна. Чоно ботгыг олноор хөнөөнө. Орсон буур бие биеэ барьдаг тохиолдол гардаг. Өөх, махыг ашиглах зорилгоор хулгайгаар агнадаг. Хавтгай тэмээ машинаас болж байршил нутгаасаа дүрвэн дайждаг.

Хамгаалсан байдал: Монголд 1930 оноос хавтгай агнахыг хуулиар хориглож, Амьтны тухай хуулийн нэн ховор амьтнаар хамааруулж, Монгол улсын улаан ном, Олон улсын улаан номд оруулжээ. Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцийн I хавсралтад бүртгэгдсэн. Тархац нутгийг 1975 оноос дархан цаазтай газар болгосон. Их говийн дархан цаазат газарт (Баянтооройд) хавтгай тэмээний гаршуулан тэжээсэн сүргийг бий болгожээ.

Хамгаалах арга хэмжээ: Байршил нутагт задгай ус бий болгох, шинээр уст цэгүүд гаргах, хуучин уст цэгүүдийг сэргээх, ган, зудийн үед нэмэлт тэжээл тавьж өгөх, өвчин эмгэгээс сэргийлэх, гэрийн тэмээтэй нийлүүлэхгүй байх, чонын тоо толгойг зохицуулах, хязгаарлах, зориудаар өсгөн үржүүлэх.

Нэмэлт мэдээлэл: Эдүгээ Алтайн өвөр говьд 450 орчим хавтгай байгаа аж. “Монгол орны хавтгай тэмээ хамгааллын үндэсний стратеги” сэдэвт олон улсын хурал Хустайн байгалийн цогцолборт газар болжээ. Хуралд хавтгай тэмээний нутаг Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны удирдлага, мэргэжилтнүүд, орчны бүс болох Говь-Алтай, Баянхонгор аймгийн БОАЖГ-ын дарга, эдгээр аймгийн таван сумын удирдлагууд болон Англи, Австрали, Хятад зэрэг орны судлаачид оролцсон байна. Энэ хурлаас “говийн заан” гэгддэг хавтгай тэмээг тогтвортой хамгаалах стратеги төлөвлөгөө бүхий үндсэн баримт бичгийн анхны төслийг гаргажээ. Уг төслийг ШУА-ийн Биологийн хүрээлэнд хэлэлцсэний дараа БОАЖЯ эцэслэн батлах юм. Алтайн өвөр говьд одоо 450 орчим толгой хавтгай байгааг тогтоожээ. Цаг уурын дулаарал, цөлжилтөөс үүдсэн усны хомсдол хавтгайн тоо толгой цөөрөхөд нөлөөлж байгааг судлаачид онцолж байна. Түүнчлэн ботгыг нь чоно барих явдал хавтгайн хорогдлын үндсэн шалтгаан гэнэ. Үүнээс гадна хавтгайн бэлчээр нутгуудаар хууль бус алт хайгчид нэвтрэн орох явдал сүүлийн үед мэр сэр тохиолдож байгааг олон улсын оролцогчид онцолжээ.

Camelus ferus Przewalski, 1883
Tylopoda (Artiodactyla)
Camelidae
Bactrian Camel

Status: Very rare species , Central Asian endemic. Globally, according to the IUCN Red List Categories and Criteria, the species listed as-Critically Endangered; Regional evaluation- Endangered.

Distribution and Range: Once wide distribution in the Gobi and deserts of Central Asia. In China, from Lob Lake to the north and to the east Valley of Achik, and Arjin Shan Mountain Ranges and its northern hills and mountains. In Mongolia: the wild camel main habitat falls completely within the Southern Altai, Great Govi Strictly protected area, part A, covering major parts or 30-35 thousands km2 area. In rare, occasions, mostly in winters few species occur in southern parts of Bayanlig, Bayangovi Soums of Bayankhongor Aimag, Gurvantes, Nemegtein gorge, Ingen Khoovryn gorge and Servee Soum southern desert in Omnogovi Aimag.

Habitat: Gobi deserts, stony “govi” deserts plains, popular fringed oases, high sand dunes. In absence of food and water it pastures on oases, in summers prefers windy higher grounds.

Population and Threats: In 1943, the population was estimated at 300, at its lowest point. In 1959 -1960, 400-500 heads and 900 h in 1974; a field survey in 1975-1976 found about 400, In 1980-1982, 500-800 were recorded. Annual inventories made between 1982-1989 found 480-550 wild camels; however in 1993, there were only 320. Asessment of distribution and biologic reserve conducted in 2012, estimated 800 camels. Since the establishment of the Great Govi Strictly protected  area in 1975, the population range and number stabilized. Forced out of their native habitats due to human encroachment, competing with livestock pastures and open water points. Illegally hunted for meat and fat. Cautions and shy they are distributed by roads and tracks that crisscross the range. During mating season males sometimes kill each other while competing. Foals especially are attacked by Wolves (Canis lupus.).

Conservation Measures: Hunting prohibited since 1930. Included in the Mongolian Red (1987, 1997), the International Red Book, CMS, Annex I listed #8 in the Evolutionary Distinct and Globally Endangered (EDGE) species list of 100 mammals., Protected as Very Rare under the revision Annex (2012) to the Mongolian Law on Fauna. Entire habitat Area was protected within the Strictly Protected Area Since 1975. In the Great Govi Strictly protected area (Bayantooroi) a captive Wild Bactrian Camel breeding programme in Mongolia has been established by the Wild Camel Protection Foundation.

Further Action: Provide open water sources in  distribution area establish new water points, restore old ones; prevent cross-breeding with domestic camels and exposure to infectious diseases; regulate wolf population; prevent forced migration; encourage breeding in captivity since replying on natural methods would permit numbers to grow very slowly.

Эх зохиол, мэдээ: 1. Бадамханд нар, 1990, 2. Гептнер, 1966, 3. Шагдарсүрэн, 1962, 4. Цэвэгмид нар, 1966, 5. Банников, 1954, 6. Жирнов нар, 1985, 7. Даш нар, 1983, 8. Эрэгдэндагва, 1954, 9. Соколов нар, 1983, 10. Соколов нар, 1978, 11. Даш нар, 1977, 12. Тулгат нар, 1992, 13. Доржраа, 1993, 14. Банников, 1975, 15. Цэвэгмид нар, 1973, 16. Тулгат нар, 1993, 17. Шийрэвдамба нар, 1997, 18. Тишер нар, 1976, 19. Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутаг, 1994, 20. Жирнов нар 2011, 21. Адъяа нар, 2012, 22. Монгол орны хавтгай тэмээний биологийн нөөц, тархацын судалгааны тайлан, 2012, 23. Жирнов нар, 2005. Эх сурвалж: Монгол улсын "Улаан ном", 2013


Хавтгай ховорджээ. Судлаач Н.М.Прежевальскийн хавтгай тэмээг тодорхойлсон дүгнэлтээс сонирхуулахад,  аймхай, тэнэгдүүхэн, ноомой зан төрхтэй гэрийн тэмээнээс зэрлэг тэмээ эсрэгээрээ авхаалжтай, гайхалтай хөгжсөн гадаад мэдрэмжээрээ ялгардаг. Түүний хараа хурц, сонсгол маш нарийн, үнэрлэх чадвар төгс хөгжсөн. Салхиар дамжуулж зэрлэг тэмээ хүнийг хэдэн км-ийн цаанаас ч үнэрлэж, гэтэж яваа анчинг холоос ажиглан, хөлний өчүүхэн чимээг ч сонсож чаддаг байна. Аюулыг мэдэрсэн зэрлэг тэмээ тэр дороо зугтаж хэдэн арав, заримдаа бүр зуу гаруй км зайд зогсолтгүйгээр холдон оддог аж. Эв хавгүй энэ амьтан бодит байдал дээр эсрэгээрээ, уулаар авирах чадвартай гэнэ. “Бид цөөнгүй удаа тэмээний мөр, хорголыг нь хамгийн хавчиг хавцал, эгц энгэр зэрэг анчин хүн ч явахад хүндрэлтэй газруудад харж байсан. Тэнд тэмээ, хөх ямаа, аргалын мөрүүд холилддог. Өөрийнхөө нүдээр харах хүртлээ ийм үзэгдэл хачирхалтай санагдаж байв. Зэрлэг тэмээ маш хурдан, бараг хатирч гүйдэг” гэжээ. Олон сая жилийн өмнө камелид овог буюу одоогийн тэмээний өвөг Хойд Америкийн Аризона цөлд бий болсон байна. Сүүлд нь аажмаар нүүж, зарим нь Ази, Америк тивийн хооронд Берингийн хоолойг гаталжээ. Ийнхүү хүйтэн ширүүн уур амьсгалтай газар нутагшсан тэмээнүүд дасан зохицох явцдаа өөхөн (зарим нь нэг, зарим нь хоёр) бөхтэй болсон ажээ. Бөхний өөх тос нь идэш тэжээл хомс үед маш их хэрэг болдог бөгөөд түүний хүчээр ус уухгүй удаан байх гоц чадварыг олжээ. Харин зарим нь өмнө зүгийг зорин Араб, Африкийн нутагт суурьшжээ. Тэдэнд хоёр бөхний хэрэг байгаагүй учир аажимдаа нэг нь алга болсон хэмээн судлаачид үздэг байна. Хавтгай хамгаалах ажилд олон жил хүч хөдөлмөрөө зориулж буй Жон Хэйрийн тэмдэглэлээс үзвэл “Үнэндээ говь цөлийн сайхан, эсвэл хэцүүд дурлаж хавтгай тэмээ тэнд нутаглаагүй. Аюулт дайсан болсон хүнээс л дайжсан хэрэг. Хятад уурхайчид хүнсэндээ зориулж хавтгайг агнадаг юм байна, ус уухаар очсон газар нь тэсрэх бөмбөг булаад орхидог ажээ. Ингээд л хөөрхий амьтад бөмбөгөнд дэлбэрч үхэхэд нь талаар нэг тарсан махыг нь түүж аваад хүнсэндээ хэрэглэдэг байжээ. Монголын Говийн их дархан газрын А хэсгийн урд зах хавтгайн гол байршил бөгөөд Хятадтай хил залгаа нутаг юм. Яг энэ хэсгээр хавтгай хил даван орж гарах нь их. Харамсалтай нь тэнд зэрлэг тэмээг хэн ч хамгаалдаггүй бөгөөд Хятадуудын хүнсний хэрэглээнд олон арваараа устаж байна” хэмээн харамсан өгүүлжээ. Хавтгайн нэг буурын сүрэгт ойролцоогоор 12 ингэ ботготойгоо байдаг ажээ. Орооныхоо үед буурнууд ингээ булаацалдаж дийлдсэн нь өөрийг олохоор 150 км хүртэл хол явдаг ажээ. Ийн явахад нь гэрийн ингэ таарвал хурааж хээлтүүлэх тохиолдол гардаг байна. Гарсан ботгыг нь “эрлийз гибрид” гэдэг. Нутгийн иргэдийн баталснаар ийм эрлийз үр төл нь эцэг зэрлэг тэмээнийхээ бүх шинж тэмдгийг дуурайж өсөх тусам зан араншин нь догширч, муухай зантай, илүү нарийхан бие галбиртай болдог байна. Иймд нас бие гүйцэхээс нь өмнө нядалдаг байна.

Дэлхий дээр ямар ч амьтан шорвог ус ууж чадахгүй. Тэгвэл хавтгай өдөр бүр шорвог ус ууж чаддаг бөгөөд бөөр нь хачирхалтай дасан зохицжээ. Хятадын Гашуун говийн төв хэсэгт очиж нутагшсан хавтгайд цэнгэг ус олддоггүй. Монголын Баянбүрдэд хүмүүс нэвтэрсэн нь хавтгайг цөл рүү дүрвэхээс өөр гарц үлдээгээгүй байна. Дэлхий даяар 10 мянга гаруй зүйл зэрлэг амьтан улс орны хил дамжин нүүдэллэдэг гэсэн судалгаа байдаг. Эдгээрээс маш олон зүйл амьтанд устах аюул тулгараад байна. Говь цөлийн хамгийн гүнд хавтгайнаас өөр тэсэж амьдрах амьтан бараг үгүй. Гэвч түүнд дайсан мундахгүй их бөгөөд саарал чоно, хулгайн анчин, дээр нь “алтны нинжанууд” гэнэ. Дархан цаазтай, тусгай хамгаалалтад авсан бүсэд хууль бус олборлолт хийж эхэлсэн хүмүүсийн балгаар хавтгай тэмээ Монголын говиос дайжих болсоор уджээ.


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0