Хэнтийн нуруу, Хөвсгөлийн нуруу, Монгол Алтайн нутгаар хад асга, чулуутай газраар тархсан. Шилмүүст ой бүхий хад, чулуут уулсын энгэр, хажуугаар гол төлөв тохиолдоно. Их биеийн урт 74 сантиметр, их бие цайвар, хүрэн юмуу хар толботой. Сүүлний үзүүр цайвар шар эсвэл улбар өнгөтэй. Хоншоорын үзүүр дугираг, хамрын нүх нь хамрын хайрсны төв дунд оршдог. Толгойн дээд хэсэг олон жижиг мөхлөгөн хайрсаар бүрхэгдсэн. Толгойноос нуруугаар дамжин сүүлний үзүүр хүртэл бараан өнгийн тахиралдсан судал үргэлжилнэ. Толгойн хэсэгт хэрээс маягийн өвөрмөц дүрстэй. Жижиг мэрэгч, шавьж, шувууны өндөгөөр хооллодог. Өдрийн цагаар идэвхтэй амьдарна.
Эмэгчин нь 2 наснаас, эрэгчин нь 3-4 наснаас үржилд орно. Ичээнээс гарснаас хойш 2-4 долоо хоногийн дараа эвцэлдэж, хээлээ 3 сар тээж, 7 дугаар сарын сүүлчээс тус бүр 160 миллиметр урт, 6-12 хүртэл тооны амьд зулзага төрүүлнэ. Зулзаганууд анхны гуужилтаас хойш шууд бие даан хооллож эхэлдэг. Өмхөрсөн мод, хад чулууны хонгил хөндий, хөрсний ан цав, элдэв амьтны нүхэнд ичнэ. Барих гэж буй идэш рүүгээ огцом дайралт хийж хазаж хордуулаад түр орхино. Нэн удалгүй үнэрээр нь даган мөрдөж муужран унасных нь дараа залгиж иддэг. Түүний дайсан амьтан нь зараа, өмхий хүрэн, гахай, үнэг, дорго, махчин шувууд юм. ойролцоогоор 15 жил амьдардаг.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.