8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

ЦООХОР ХОНИН ГҮРВЭЛ

Хонин гүрвэл нь элсэрхэг, нам дор элсэн манхантай, дулаахан газраар нутагладаг. Говь гурван сайханы байгалийн цогцолбор газар, баянбүрд, цав толгод, заган ой, харгана бүхий цөл, элсэн манхан нутагт элбэг тааралддаг. Хонин гүрвэл нарийн урт биетэй, зун цагт олон гууждаг, хос богинохон хөлтэй, урт сүүлтэй хэвлээр мөлхөж явдаг хуурай газрын амьтан юм. Ихэнх хонин гүрвэлийн биеийн урт 12-14 сантиметр, эрээн цоохордуу өнгөтэй, хоншоор богино бөгөөд дугуй, сүүлэн дээрээ хөндлөн бараан судалтай байдаг. Энэхүү хүйтэн цустай амьтан нүхэнд амьдарч, өдөр нь шоргоолж, хорхой шавж, таана, хүмүүлийн шүүсээр хооллодог байна.

Хонин гүрвэл хүйтэн өдөр наранд халсан халуун чулуу болон малын бууцанд хэвтэж дулаацдаг гэнэ. Хүйтний улирал эхэлж, ногоон ургамал хагдрах үеэр идэш хоол нь хомсдож, бие нь жижгэрч хармаг гэх бутлаг ургамал даган нутагладаг. Намрын эхэн сар гарч хүйтэн бороо орох үед хонин гүрвэлийн хөдөлгөөн удааширч, үзэгдэх нь ховордож эхэлдэг. Энэ нь хонин гүрвэлийн ичих хугацаа болж, хүйтэрч байгаагийн шинж ажээ. Хонин гүрвэл аравдугаар сарын дунд үед үзэгдэхгүй, бүрэн ичиж дуусдаг байна. Харин хавар дөрөвдүгээр сард ичээнээсээ гарч эхэлдэг гэнэ. Тавдугаар сард ичээнээсээ бүрэн гарч тэнхэрсэн хойноо хонин гүрвэлүүд үржилд орж 10-12 өндөг гаргадаг.

Монгол оронд төмөр гүрвэл, говийн махир хуруут гүрвэл, прежевальскийн нохой гүрвэл, замба гүрвэл, тойрмын хонин гүрвэл, цоохор хонин гүрвэл, монгол гүрвэл, толбот гүрвэл, могой гүрвэл, загалт гүрвэл, гавшгай гүрвэл, зулзагалагч гүрвэл хэмээх 13 зүйл гүрвэл бүртгэгдсэн байдаг аж.

Эдгээрээс Улаан номонд орсон тойрмын хонин гүрвэл 59 мм биетэй, сүүл 70 мм урттай. Үндсэндээ түүний сүүл их биеэсээ урт байдаг юм. Тойрмын хонин гүрвэл урт сүүлээрээ биеэ хамгаалдаг бөгөөд өөрийхөө хоолыг сүүлээрээ боож олзолдог. Тэд хүзүүн дээрээ тод хөндлөн нугачаастай, шилэн хүзүүний орчим нарийн хөх хөвөө бүхий улаан ягаан өнгийн хос толботой байдгаараа бусад гүрвэлээс ялгагддаг байна. Нуруу, биеийн хажуу, сүүлний дээд хайрсууд арзгар өргөсөрхөг бөгөөд Ховдын Булган сумын Ярант, Салхитын хөтөл, Их, Бага, Онгог, Давхар хөтөлийн бэл зэрэг нутагт тархан нутагладаг аж. Тойрмын хонин гүрвэл цох, эрвээхэй, шоргоолж, бясаа, царцаа, ялаа зэрэг шавьжаар хооллоно. IV сарын эхээр хээлтдэг байна. Тус гүрвэл шонхор, хэрээ, цахлай, бамбай хоншоорт могойн хоол болдог учир устаж болзошгүй зүйлд оруулж, Монгол улсын Улаан номонд бүртгэсэн байна.

Харин толбот хонин гүрвэл Монгол орны баруун говь, Ховд аймгийн Үенч, Булган, Алтай сумдын нутаг, Баруун хуурай, Давсан хуурай, Ёлхон, Хонин ус, Тахийн усны говиуд, Үенч бодонч Булган голын ай сав нутгаар амьдардаг. Их биеийн урт 35-75 мм, бадриун бахим биетэй, үзүүр тийш огцом нарийссан сүүлтэй бөгөөд бор цайвар эсвэл ногоон цайвар өнгөтэй байдаг. Нуруугаа даган хөндлөнгөөрөө цуван байрлах хоёр эгнээ бараан хүрэн толботой аж. Толбот хонин гүрвэл элсэн цөлд бутлаг,  сөөглөг ургамлын үндэсний орчимд 15-32 см гүн нүх ухаж орогнодог юм. Мөн хад чулууны хонгил, хөндий, мэрэгчдийн нүхийг түр зээлэн амьдарна. Аравдугаар сарын эхээр ичээндээ орж, дөрөвдүгээр сард гарч ирнэ. Тавдугаар сарын эхээр үржилд орж, 12 хүртэл өндгийг хоёр удаагийн төрөлтөөр цувруулан гаргадаг байна. Толбот хонин гүрвэл гол төлөв шавьжаар хооллодог. Зараа, хярс, үнэг, дорго, хээрийн бүргэд, шонхор, сохор элээ, тоодог, бамбай хоншоорт могой зэрэг амьтдын идэш болох бөгөөд ган гачиг, хахир өвөл зэрэг байгалийн таагүй нөхцөлийн улмаас өлбөрөх, осгох зэрэг олноороо хорогдож үгүй болдог байна.

Мөн нэн ховор төрөлд орох говийн махир хуруут хонин гүрвэл хоёр нутагтан мөлхөгчдийн аймгийн гүрвэлийн салбар баг болох геккон гүрвэлийн овогт багтана. Энэ амьтны биеийн урт 130 мм-ээс хэтрэхгүй жижиг. Их биеийн урт 58 мм байх бөгөөд сүүл нь 75 мм урт байдаг аж. Энэ хонин гүрвэл мөн л их биеэсээ урт сүүлтэй. Сүүлээ хоол тэжээлээ олж идэхэд ашигладаг. Толгой дээрх арьс нь жижиг мөхлөгөн, нуруун дээрээ гурвалжин хайрстай бөгөөд тэдгээр нь зөв эгнээ үүсгэдэггүй гэнэ. Сүүл нь дээд талаараа трапец хэлбэрийн цагирагласан хайрсаар, доод талдаа нэг эгнээ том хайрсаар хучигдсан байдаг. Бусад нарийн хуруут гекконуудаас ялгагдах онцлог нь хамрын хос хайрс нь сартгар байдаг аж. Бие нь саарал эсвэл цайвар бор өнгөтэй, шилнээс ууц хүртэл таваас зургаа, сүүлэн дээрээ долоогоос арван бор, хүрэн хөндлөн судалтай байх нь элбэг. Залуу гүрвэлүүдийн хөндлөн судлууд тод, сүүлний үзүүр хэсэг цагаан байх бөгөөд эр гүрвэл дөрвөөс долоон ширхэг сүвтэй, тэдгээр нь төгсгөлийн сүвний дээд талд өнцөг үүсгэсэн байдаг аж. Харин эм гүрвэлд ийм сүв байдаггүй гэнэ.

Махир хуруут хонин гүрвэл Алтайн өвөр говийн Шар хулсны баянбүрд, Ногоон цав, Ингэн хөөврийн хоолой, Цуглабарын нуруу зэрэг цөлийн хадархаг нутаг, Цувраа хар, Хэрмэн цав, Наран булаг, Хайч уулаар нутагладаг байна. Тэд далайн түвшнээс дээш 700-1300 метрийн өндөрт нутаглах бөгөөд идэш тэжээлийн нөөц нэн хязгаарлагдмал, өвөрмөц орчинд амьдардаг юм. Махир хуруут хонин гүрвэл чулуут цөлийн цав толгодын хормойн хад асга, гуу жалгатай газар амьдарна. Алтайн цаад говийн Ногоонцавын хоолой, Хуцын хар уул, Цугалбар ус, Цувраа хар, Ингэн хөөврийн хоолой, Шар хулс зэрэг газар 1976 оноос хойш тархжээ.


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0